Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга 2024 оны 84 дүгээр захирамжаараа байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ж.Алдаржавхлан, Э.Батшугар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар ажиллаж байгаа юм. Холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсэг, Засгийн газартай хамтран энэ сарын 19-21-ний өдрүүдэд “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Эхний өдөр барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцэх бол 20-ны өдөр хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Салбар бүрийн стандартын хэрэгжилт, эрх зүйн орчны талаарх мэргэжилтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийн нэгдсэн хуралдаан Баасан гараг/2025.02.21/-т болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.