Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.17/ Дархан-Уул аймагт болж байна.
Тус арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлсэн бол төслийн зохицуулагч Л.Баяртулга “МАА-н ЭЗЭН” төслийн танилцуулга, арга хэмжээний хүлээгдэж буй үр дүн болон “Цахим хоршоо” төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн Жадамбын Энхбаяр оролцож, мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцлон тэмдэглэв. Тэрээр “Гадаад зах зээлд махаа гарахад бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ” гэсэн асуултад хариулт өгөхөд “МАА-н ЭЗЭН” төсөл чиглэж буйг дурдлаа. Сүргийн цөм бүтцийг зөв зохион байгуулснаар өндөр үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эрдэст тэжээл бага хэмжээгээр хэрэглэхэд ч хурганы мах төлөгнөөс илүү жин татаж буй үр дүнг танилцууллаа.
Түүнчлэн Зүүн өмнөд Ази, Арабын орнууд, Ойрхи Дорнодын зах зээлд мах нийлүүлж эхэлсэн бөгөөд Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонины захиалга ирсэн талаар дурдсан юм. Монгол Улс өндөр үнэ бүхий махны зах зээлд өрсөлдөх цаг болсон тул малын тэжээл, үржил селекцийн бодлогод реформ хийх цаг болсныг цохон тэмдэглэв.
Мал аж ахуйн салбарт шинэчлэл хийхийн тулд уламжлалт арга барилаа өөрчлөх, шинэ сэтгэлгээтэйгээр хандах шаардлагатайг онцолж, энэ хүрээнд “АТАР-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүлснээр мал аж ахуй, газар тариаланг хослуулан эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг хэлсэн юм.
Мөн “Мал бордох технологийг нэвтрүүлэх замаар мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд “Пийрл Марин”, “Баян-Эрдэнэс”, “Дижитал Кредит”, “Дээдсийн сүрэг” ХХК-иуд илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэг нь мал аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэлэг шийдлийг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.