“Хууль цаасан дээр үлдэх бус, иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгждэг байх нь чухал” болохыг илтгэсэн арга хэмжээ боллоо хэмээн “Үндсэн хуулийг олон нийтэд танилцуулах өдөрлөг”-т оролцсон иргэдийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны тэмдэглэлт 33 жилийн ой, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан үндэстний цөөнх, залуус, ахмад настан болон салбар бүрийн төлөөллөөр Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийг нэг бүрчилэн уншуулж, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол олгох, парламентат ёс, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Үндсэн хууль сурталчлах өдөрлөгийг иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсанд талархаж байсан бөгөөд УИХТГ жил бүр уламжлал болгон явуулахаар тогтжээ.