НӨАТ-ын хувь хэмжээг 5 болгон бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан талаар УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, "Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар байгаад дэгийн дагуу буцаагдсан. Харин шинэ парламент гарч ирснээр гишүүдтэйгээ хамтраад дахин өргөн барьж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 180 мянга гаруй ААН бий. ҮҮнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч бий. Үүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Учир нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 24 хувийг бүрдүүлж байгаа.
НӨАТ-ыг 5 хувь болгосноор бусад орлого нэмэгдэх боломжтой. Эдийн засаг татвараас шалтгаалахгүй өсөх боломжтой болно гэсэн үг. Өнгөрсөн жил өөрчилсөн бол монголын ард түмэн бараа бүтээгдэхүүнийг хямдаар авч хэрэглэх, эдийн засаг эрчимжих байсан.
НӨАТ-ыг бууруулснаар ЖДҮ эрхлэх ард иргэдийн хүсэл эрмэлзэл бодит болно. Үгүй бол хөдөө, орон нутгийн буюу монгол иргэдийн тал нь НӨАТ-ын буцаан олголт, урамшууллыг авч чадахгүй байна" гэлээ.