УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Монгол Улсын эрхэм иргэд ээ,
Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл - ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992.01.13-ны өдрийн 11 цаг 35 минутад анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ.
Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон.
Энэ зорилго хэрэгжиж, өнөөдөр Монгол Улсын Их Хуралд 5 нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдлээ.
Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр бол Монголчууд бид тусгаар тогтносон, бүрэн эрхт эх орон, түүх, соёлоороо бахархах, үндсэн хуульт ёсыг нандигнан цэгнэх өдөр юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун!” гэснийг даяар олноо бүрэн хэрэгжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Та бидний үйл хэрэг улам дэлгэрэн батжихын ерөөл дэвшүүлье" гэв.