Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000” орчимд байрлах үерийн хамгаалалтын байгууламж дээр ажиллалаа.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн 14 байршилд өдөр бүр арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд байрлах “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 3 дугаар суваг дээр халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна. “Дэнжийн 1000”-ын 3 дугаар суваг нь өөрөө хөрсний усны сувагтай бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын урсацтай 2 булаг шанд байдаг. Тиймээс халиа тошин, шар усны үер үүсэж, ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл ихтэй. Одоо ажиллаж буй байршлаас дээш 500 метрт суваг татсанаар хөрсний усыг урсгаж, далан дагасан нийт урсгалыг сайжруулна” гэв.
Геодези, усны барилга, байгууламжийн газраас халиа тошин үүссэн дээрх байршилд хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах, цэвэрлэсэн мөсийг төвлөрсөн хогийн цэг рүү зөөж, тээвэрлэх, боломжтой газруудад гаргалгаа хоолой гаргаж, хаалт, боолтууд хийх ажлыг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл (1)