Өнөөдөр "Монголын зохиолчдын эвлэл" байгуулагдсаны түүхт 96 жилийн ой тохиож байна.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг хэмээгдэх Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын 17 зохиолч ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм"-ийг 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ өдөр зорилго, чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын зохиолчид нэгдэж байгууллагаа байгуулсан 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болж байжээ.
Монголын зохиолчдын түүхт 90 жилийн ойгоор төрөөс Монголын Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.