УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ маань үнэнтэйгээ нүүр туллаа. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна. 35,8 их наяд буураад 33,7 их наяд болж байгаа нь том дэвшил. Татвар төлөгчдийн мөнгө болохоос УИХ-ын гишүүдийн мөнгө биш гэдгээ бид ойлгосон. Цаашид улсын төсөв гэхээс илүү нийтийн төсөв гэж ярьж сурмаар байгаа юм. Нийтийн төсвийг нийтийн төлөө зарцуулахын төлөө том алхсан гэж бодож байна. Олон нийт бол урьдынх шигээ аливааг харж, өнгөрөөхөө больчихсон. Улсын төсөв гэдэг татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгасан, савируулсан, элдэв төрлийн төсөл арга хэмжээ, хэлэлцүүлгээр нүүрээ халхалсан хулгай луйвар явуулж байсныг үгүйсгэхгүй. Чадлынхаа хэрээр УИХ илрүүллээ, таналаа. Цаашид илүү идэвхтэй байцгаана гэж найдаж байна. Дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв орлогоо үнэн бодитоор дүгнэсэн, эрсдэлээ тооцсон байна гэж найдаж байгаа.