Архангай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид дахин тус аймгийн Засаг даргын албан тушаалыг хашихаар батламжлагдсан билээ. Гэтэл өдгөөг хүртэл сумдын Засаг дарга нарыг батламжилж өгөхгүй, тамгаа барьчихаад гэдийж байгаа гэнэ. Арга буюу нутгаас нь сонгогдсон хэдэн төрийн түшээд нийлж, албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, П.Мөнхтулга О.Алтангэрэл, С.Ганбаатар, Б.Батцэцэг, Д.Ганбат, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нарын УИХ-ын гишүүд аймгийн Засаг даргаар ажиллаж буй Б.Цэрэннадмидад хууль ёсны дагуу сумдын Засаг дарга нарыг шуурхай батламжлах саналыг хүргүүлсэн аж.
Тэдний зүгээс албан бичигтээ "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагад сонгох, сонгогдох нь монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрх бөгөөд аливаа хүн, хуулийн этгээд цаашлаад төрийн байгууллагын зүгээс иргэдийн дээрх эрхэнд халдах нь илтэд хууль зөрчсөн үйлдэл" гэдгийг онцлон дурдаад орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг тасалдуулах, нийт иргэдийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байгааг сануулжээ.
Сумдын Засаг дарга нарыг батламжлахдаа гэдийгээд байгаа тэрбээр нэгэн ажил дээр бөхийсөн бололтой. Есдүгээр сарын сүүлээр тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас "Бугын аж ахуй байгуулах" 572.5 сая төгрөгийн тендер зарласан байх юм. Улмаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 300 саяыг нь шийдэж, "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах" нь төслөөс үлдсэнийг нь санхүүжүүлэх ажээ.
Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, үүний нөлөө нь манай оронд хэтийдэн мэдрэгдэж, малчид цаг уурын ширүүн дориунд чөдөрлүүлж ахуй өнгөрсөн оны сургамжийг тэр мартсан уу, сумдын зарим засаг нь таалагдахгүй байна уу.