"Аливаа зүйлээс сайн сайхныг олж харах нүдтэй бай" гэдэг ч харах нүдийг утаа бүрхээд, сайн сайхан гэгч алс холын зүйл шиг санагдах болжээ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд баярлах ч эрх алга. "Энэ хотын хаа нэгтээ хэн нэгний үр даарч хөрч, өлсөж цангаж, шинэ жилийн тухай бодох ч сөхөөгүй байгаа" гэж бодохоор баярлах ч хүсэлгүй болчихно.
Өнгөрсөн рүү буцахад XXI зууны монголчуудад үнэхээр амархан байна. Эрчим хүч нь тасалдахад л эргээд лаагаа асаагаад сууж байна. Өчигдөр Төв талбайн гацуурын гэрлэн чимэглэлийг асаалаа, зүг бүрдээ зүүсгэл гоёлтой энэ гоёмсог гацуур шиг ирээдүй бидэнд бий гэж итгэх тэнхээ улстөрчдөд л үлдэж байх шиг.
Эрчим хүч экспортолдог улс болох мөрөөдөл лаа импортолдог улс болох замаар солигдох вий гэж эмээнэ. Эмгэнэлтэй биз.
Б.Чойжилсүрэн салбарынхаа өр, өт хоёрыг дийлэхээ байсан. Өвлийг амдуулж, тог хязгаарлана гэдэг байсан бол одоо бүр ТЭЦ-3 нь зогсох магадлалтай болчихсон. 2023-2024 оны өвлийг эрчим хүчний систем хоногт дунджаар 100-160 МВт-ын алдагдалтай давж туулсан гэж байв. Нэг ёсондоо сайдын хэлдгээр "Тог тасалж байж өвлийг давсан". Энэ удаад ч ялгаагүй. 2024-2025 оны өвөл өмнөх жилээсээ хэрэглээ дунджаар 250 орчим МВт-аар нэмэгдэж мэдэхээр байна гэсэн тоцооллыг ч хэлж байв.
Иргэдээ дааруулж, өлсгөж байж л өвлийг давна гэж байгаа биз. Хүн гэдэг дасан зохицох чадвар өндөртэй амьтан ч өнөөдрийн утаа, угаар, улстөрчид, буурай байдал, хөнөөлд л дасахгүй юм сан.
Сэтгэгдэл (1)