Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам төсөл
Шинэ сэргэлтийн 5 цагариг хөтөлбөрөөр Засгийн газар бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, Ази-Европыг холбосон олон улсын авто замын босоо таван коридортой болох зорилт дэвшүүлж буй. Үүний хүрээнд Бага элэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулахаар төлөвлөсөн байдаг. Мөн хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох тухай УИХ-ын чуулганд танилцуулж байв.
Бичигт, Эрээнцав боомтыг олон улсын жишиг, стандартад нийцсэн олон улсын худалдааны чөлөөт бүс болгон хөгжүүлнэ.
Монгол Улс “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто замыг тавихад 21 жил зарцуулж байсан бол бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж байгаа аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам төсөл нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтой.