БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны шөнө онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан цагдаа нар Өмнөд Солонгосын парламентын ордныг хамгаалалтдаа аваад байв. Мөн Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгч улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан тус улсын Үндэсний Ассамблей (парламент) шөнийн 01:00 цагт хуралдсан байна. Ийнхүү тухайн шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100% саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргасан юм. Энэ дагуу Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч, онц байдлыг өнөө өглөөний 05:00 цаг орчимд цуцлах шийдвэрийг гаргажээ.
Ташрамд, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд Та бүхэнд олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Түүнчлэн аардлагатай тохиолдолд яамны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас мэдээлсэн" байна.