Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Заяабал санал гаргав. Гэвч хэлэлцэж буй асуудлын хүрээнд боломжгүй гэдгийг хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Заяабал хэлэхдээ, "Засгийн газар дөнгөж байгуулагдаад өргөн барьсан төсвийн төсөл дээр сангийн бодлого зэрэг маш их том бодлогын өөрчлөлтийг оруулж ирсэн. Түүнчлэн төсвийн гүйцэтгэл сайн байсантай холбоотой төсвийн орлого, зарлага аль алийг нь нэмэгдүүлж тодотголоор оруулж ирсэн байгаа. өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал үүнээс л үүсээд байна гэж би харж байгаа. Тиймээс Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, цаашид сонгуулийн дараа төсвийн тодотгол хийхээр бол төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсөв шилждэг харилцааг оруулж ирдэг байхаар тусгаж өгвөл ямар вэ? гэсэн саналтай байна. Мөн тодотголыг дагаад төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирж байгаа. Төсвийн тодотголыг дагаад үүнд өөрчлөлт оруулдаг. Энэ нь орлого, зарлага нэмэгдэх боломжийг давхар бий болгож байгаа юм. Тиймд дайн байлдаан зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн эсвэл төсвийн орлого биелэхгүй байгаа үед төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулдаг харилцааг хуулинд оруулж өгөх хэрэгтэй гэж харж байна. Үгүй бол төсвийн асуудал сонгуулийн дараа давтагдаад байх нөхцөл үүсэж мэднэ. Бид асуудлыг нэг удаад шийдэх биш уг сууриар нь авч үзэх шаардлагатай байна" гэсэн юм.