УИХ-ын сонгуулиар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна" гэж бичлэг хийж, цахим орчинд цацаад олны шүүмжлэлийг хүртсэн нэгэн бол Б.Гантулга буюу Сексцагаанбогд. Чухамдаа дуулсан дуу, үзэл бодлын шатан дээр гишгэж гарч ирсэн тэрбээр улс төр рүү холбирохдоо илэрхийлж асан бүхий л санаагаа уландаа гишгэж, өөрийн гэсэн "юу ч үгүй хүн" гэдгээ харуулсан нь түүнийг "сонсохгүй байх" хамгийн том шалтгаан болсон юм.
Тэр дэмжиж буйгаа илэрхийлээд зогсоогүй юм шүү. Тэр "Шинэ 30 жил" гэдэг 3000 төгрөгийн үнэтэй лекц хүртэл уншсан. Гэвч түүнийг сонсохоос ихэнх нь татгалзсан. Гэлээ ч Б.Гантулгын үг ганцхан хүнд сонсогдож байвал ертөнц "түүний эсрэг биш" гэсэн үг болж таарсан нь саяхан шүү. Өнөөх ганцхан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан нь гайхах ч юм биш байв. Эцэст нь түүний уран бүтээл "Сүнсгүй" дүрээр үлдэх, эмгэнэлд унасан гэхэд хилсдэхгүй. Яавч уран бүтээлч болж чадахгүй гэдгийг нь энэ үйл явдал харуулсан билээ.
Сонгуулиар чичлүүлснийхээ хариуд Б.Гантулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэх луужин гардсан. Учир нь түүнийг "Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх"-өөрөө томилчихсон. Үнэндээ удалгүй Б.Гантулга залуучуудын асуудал байтугай өөрийнхөө асуудлыг ч шийдэж чадаагүй нэгэн гэдэг нь ил болсон юм. Найз охин болох Н.Урингаа алгадаад шалан дээр унагааж буй бичлэгийнх нь мөрөөр цагдаагийнхан шалгаж, торгоод өнгөрсөн. Гэвч хамт сууж байгаад "хүчирхийлэл" шингэсэн үйлдлээ хоёул тайлбарлаж байв.
Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхийн ёс суртахуунгүй үйлдэл олны нүдэнд ил болсон нь түүнийг зөвлөхийн ажлаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл байсан ч тэгээгүй, тэр өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх юм. Б.Гантулга урлагийн карьераа Ерөнхий сайдад өргөн барьж, уран бүтээлчийн замаас хазайсан нь учиртай.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)