Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар 2023 онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тонн байв. Харин 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоололтой байна. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэх нь зүй гэж үзэж буй.
Гангийн цогцолбор байгуулахад БНХАУ-тай хамтрах уу? гэсэн асуулт урган гарч ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочилсон байдаг. Ингэхдээ аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлэхээр тус мужид ажилласан. Улмаар Жөжян мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд "гангийн үйлдвэр байгуулах" чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Учир нь “Нинбо гангийн үйлдвэр” нь үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр аж. Тус компани нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг байна. Жилд 4 сая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг гэх. Бейлун гүний усан боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик ба газарзүйн давуу байдлыг үүсгэсэн аж.
Гангийн үйлдвэртэй болсноор...
Гангийн үйлдвэр төслийг 2025-2028 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Нийт хөрөнгө оруулалт 1 их наяд 446 тэрбум төгрөг.
Гарах үр дүн:
-
Дотоодын тасралтгүй нэмэгдэж буй ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
-
Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мян.тн ширэм, 500 мян.тн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.