Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Оксфордын их сургуультай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг гүйцэтгэж байна. Судалгааны үр дүн энэ оны сүүлээр гарна.
Үүнээс өмнө буюу 2021 онд төрийн байгууллагуудад MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийхэд, тэдгээр байгууллагын 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой, бусад нь хангалтгүй дүн авчээ. Харин 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагыг шийдсэн бол, 47 хувь нь сайжруулах шаардлагатайг тодорхойлсон байна. Хүний нөөцийг зохистой шийдэж байгаа ч энэ чиглэлд ахиц гаргах хэрэгтэй гэж 43 хувь нь үзсэн бол 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй байгааг илэрхийлжээ.
Түүнчлэн, төрийн 67 байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийхэд, 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэг байдлаар кибер халдлагад өртөж байжээ. Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандартыг дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй байв. Хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байсныг ЦХИХХЯ мэдээлэв.
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлох тус судалгаанд УИХ-ын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14, бусад 5 байгууллагыг хамруулжээ.