Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөл болж байна. Үүнтэй зэрэгцэн монголчуудын дийлдэшгүй дайсан "утаа" ч улирлын ичээнээсээ гарсан. Иргэдээ хамгаалах нэрийн дор хэрэглэж эхэлсэн шахмал түлшний хөнөөлд иргэд хамгийн ихээр өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Утаа буурах нь битгий хэл эхүүн үнэр нь амьсгалах аргагүй болгож, энэ бүхний ард "утааг бууруулсан гавьяа"-г хэн нэгэн хүртэж суулаа. Өнөөдөр ч ялгаагүй, эргэн тойрон харагдахтай үгүйтэй, яг л сүйрэл шиг мэдрэгдэнэ. Утааг бууруулах "дугаар нэг" төлөвлөгөө гэр хорооллыг тойрсоор энэ хүрэв.
Харагдаж буй нь утаа. Түүн дотор орших PM10 буюу том ширхэглэгт тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрдэг. Ингээд л "өвчин" үүсгэдэг байна. Энэ бол “үзэгддэггүй дайсан” л гэсэн л үг. Агаар мандалд буй олон төрлийн бодисууд хүний эрүүл мэндэд нөлөөлдөгч хамгийн сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 тоосонцор хэмээн дурдагдсан байдаг. Агаарын чанарын индексээс та бүхэн харах боломжтой. Энэ тоосонцор хэрхэн хэлбэлзэж, бид түүнийг тээн, эрүүл саруул биеэрээ тэжээж амьдарч байгааг шүү.
Нэгэн үе манай улс утааг бууруулах "үндэсний хороо"-той байлаа шүү дээ. Гэтэл бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй. Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрх хангагдахгүй, цэлгэр уужим амьсгаа ч авах эрхгүй л явна.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт болсон НИТХ-ын хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар "Бид шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг жилээс жилд багасгах бодлого барьж байгаа. Ойрын 4-5 жилийн хугацаанд эко түлш үйлдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулаад явж байгаа. Жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компани байж болохгүй. Дээр нь утаа нь буурдаггүй, иргэд угаартлаа гэдэг харамсалтай хэрэг гардаг байж таарахгүй. Тиймээс үндсэн үйлдвэрлэлийг нь өөрчлөх төслийн нэгж байгуулсан. Энэ ажлын эхний үе шат болгож, 15-20 орчим мянган айл өрхийн дэд бүтцийн угсралтын ажлыг ирэх оны 12-р сарын эхээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэсэн юм. Ийнхүү шахмал түлш шахагдаж, монголчуудын түлшний хувьсал дээд түвшиндээ очих бололтой. Хотын дарга өөрт оноогдсон 4 жилдээ утаатай тэмцэнэ гээд бараг л хэлчихсэн.
М.Жаргал