Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг болон холбогдох бусад албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулан, ажилласан гэлээ.
Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 06, 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолсон гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20-д төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, санал хураалт явуулахгүй бөгөөд ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна гэсний дагуу санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээс зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Сайнзориг нараас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн Төсвийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд уг саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн нийт 7 зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд эдгээрийг Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан бусад саналын хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 3 санал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нараас зарчмын зөрүүтэй 1 санал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол ирүүлснийг санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолол гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд уг саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Б.Энхбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Ц.Мөнхбат, Б.Уянга, Д.Энхтүвшин, Б.Заяабал, А.Ганбаатар гишүүн асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах” гэснийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөхөөр болсон. Гэхдээ тогтворжуулах татварын орчин гэдгээ татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн байна. Энэ заалт нь Монгол Улсын өмнө нь байгуулсан болон ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлнө гэлээ. Тэрбээр, хуулийн төслүүдийн дээрх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улс татварын маргаантай байгаа энэ цаг үед хэрхэн нөлөөлөхийг лавлав.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, “Б.Энхбаяр гишүүн ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар зарчмын зөрүүтэй тодорхой санал гаргаагүй. Хэрэв тодорхой санал байгаа бол хураалгахад бэлэн” гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хуулийн төслүүд дэх өөрчлөлт Лондонгийн арбитрын биржид Монгол Улстай холбоотой татварын маргаантай асуудалд “Оюутолгой” компанид давуу байдал үүсгэхгүй. Монголын талын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, “Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашдаа ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм. Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллахыг хүсэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ашигт малтмалаа ашиглуулж байгаа сум орон нутаг болон иргэдэд ашиг хүртээх, үр өгөөжийн асуудалд төсөл хэрэгжүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх зэрэг тулгамдсан асуудалд салбарын яам бодлого гарган ажиллаж байгаа хэмээв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Монгол Улс атомын цахилгаан станц барих асуудлыг орхигдуулан, шар нунтгийг үйлдвэрлэхийг дэмжиж буй шалтгааныг тодруулаад Засгийн газар цахилгаан станц барих асуудлыг хуульд тусгах боломжийн талаар хөндлөө.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Франц улстай хамтран “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх зорилтыг дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа хуулийн төслийг нэг гэрээнд зориулах бус хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинг тодорхой болгоод цаашдаа олон гэрээ, төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Хууль батлагдсанаар ямар нэг асуудлыг хатуу зохицуулалгүй, хөрөнгө оруулалтын асуудлыг гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Иймд атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ураны төслийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барих асуудлыг судалж, шийдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх асуудлыг цаашдаа стратегийн бусад орд газрын ашиглалтад баримтлах эсэхийг лавласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэрэгжүүлье гэвэл цаашдаа төр эзэмшлийнхээ хувийг тогтоож, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагчидтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэрээ хийх нь чухал хэмээв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал хэмээх Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижиртэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт гээд хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь монголчууд хохирч байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг нэг гэрээ бус цаашдаа Монгол Улс цөмийн энерги, ураны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдлыг хангахад гишүүд маань төвлөрч, анхааралтай ажил хэрэгч оролцож, ажиллах шаардлагатай гэж байлаа.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Нэгдсэн хуралдаанд асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сунгаж болно.” гэснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөс асуулт, хариултыг 120 минутаар тогтоосон ч, дахин нэг цагаар сунгасныг мэдэгдэв.
Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлж, Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.