Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ирэх долоо хоногт дэлхийн Жорлонгийн өдөр болно. Энэ бол харамсалтай өдөр. Иргэдийн тал нь нүхэн жорлонд бие засаж байхад Улаанбаатар бол гоё хот гэж хэлэх үндэс байхгүй. Мөн 680 мянган нүхэн жорлон болон Зайсан мэтийн газрын бохироо зайлуулдаг сав нь цуурсан, эвдэрсэн, хальсан байдлаас болоод хүний ялгадаснаас гарч ирдэг дөрвөн төрлийн гэдэсний савханцар нянгаар хордох аюулд орчихсон, хордчихсон байж байхад бид усны чанар гэдэг зүйлийг ярихгүй байхаас аргагүй. Одоо яриад байгаа уранаас ч илүү аюул ундны усаар дамжин Улаанбаатарын иргэдэд тулгараад байна. Аргаа бараад Улаанбаатар хотод голын усанд битгий шумбаарай, битгий сэлээрэй гээд яриад сууж байна.
Улаанбаатарт баттай бус мэдээллээр 680 мянган жорлон байна. Улаанбаатар хотыг тойроод барьсан шинэ хорооллууд бүгд өөрсдөө бохироо цуглуулж, зөөдөг. Төв цэвэрлэх байгууламжид хэт их бохир аваачсаны улмаас Туул гол маань бохирдоод байна гэсэн таамагтай суудаг байсан бол жорлон, бохироо зөөврөөр хийж байгаа хотхонууд дээр хүртэл аюултай болсон. Энэ нь ундны усанд нөлөөлж байна.
Савлаад зарж байгаа усанд хүртэл бага хэмжээгээр стандартад нийцэхгүй асуудал гарч ирж байна. Түүнчлэн ус ашиглалтын ажилтангүй байгууллагад дүгнэлт гаргаж өгөхгүй" гэлээ.
М.Жаргал