УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлж, асуулт асуув.
Тэрбээр "Олон нийтийн Хамтарсан Засгийн газарт тавьж буй хүлээлт бол эдийн засалтыг өсөлтийг яаж бий болгох вэ гэдэг л асуудал. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг дүгнэнэ. Түүнээс биш ойр зуурын хурал, зөвлөгөөнд явснаар дүгнэхгүй байх. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчихаад байгаа томоохон эдийн засгийн бодлогыг дэмжих, ажлын байрыг бий болгох, монголд шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, гадаад харилцааны бодлого дээрээ ямар байр суурийг барих гэж байгаа юм бэ гэдгийг илэрхийлж болох томоохон сэдэв. Үүний цаана олон төсөл хэрэгжээсэй гэж бодож байна. Тиймд энэ зүйлс дээр иргэдээс дэмжлэг авч явахын тулд зөв мэдээллийг өгөх нь нэн тэргүүний асуудал. Тэгэхгүй бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж, худал мэдээлэлд төөрөгдөх, бусдыг эрх чөлөө төдийгүй өөрийнхөө эрх чөлөөг хаах тохиолдол гарч байна.
АМНАТ-ийн орлогын дийлэнх хувийг орон нутагт үлдээх бодлогыг ойрын хугацаанд бид ярилцаж, шийдмээр байна. Бас уул уурхайн төслүүд иргэдийн дэмжлэгийг авч явах уу гэдэг асуудлыг тодорхой болгочихмоор. Тодорхой ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх буюу орон нутгийн иргэд энгийн хувьцаанаас авдаг эрхийг нээмээр байна.
Иргэдийн баялагтаа эзэн байх явдлыг зөвхөн Үндэсний баялагийн сангаар биш шууд төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьцааг эзэмшигч байдлаар бий болгох асуудлаар Засгийн газар судалж, анхаараач гэж хүсэж байна.
Харилцаа холбоо, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани нь олон нийтийн компани байгаасай л гэж би хүсдэг" гэлээ.
М.Жаргал