Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн амьжиргааг
дэмжих мөнгөн тэтгэмжийг 2025 онд 6.0 хувиар нэмэгдүүлнэ
Манай улсад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3.8 мянган хүүхэд эцэг, эхийн болон эрүүл мэндийн байгууллагын асаргаанд байдаг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн насны онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэдний хэрэгцээ, эм тарианы зардал бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардалтай харьцуулахад өндөр байна. Энэхүү нөхцөл байдал нь нийгмийн халамжийн тусламж дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч ялгаатай тогтоох шаардлагатайг харуулж байна.
Иймд байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн орлогын баталгааг сайжруулах үүднээс тэдэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2025 онд 6.0 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг уг нэмэгдсэн хэмжээнээс 30 хувиар өсгөх, мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн живхний зардлыг нийгмийн халамжаас олгохоор тус тус тооцжээ.
Түүнчлэн хараагүй болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудад дохионы хэлмэрч, орчуулах үйлчилгээ авах болон бусад шаардагдах зардлыг тусгажээ.
Хүний эрхийг хангах, хамгаалах байдлыг сайжруулна
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх илтгэлд баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах үүднээс албан хаагчдын оролцоо, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг дурдаж, эрүүдэн шүүхээс сэргийлэхийн тулд албан хаагчдын ажлын ачааллыг зохицуулах нь чухал гэж тэмдэглэсэн байна.
Нийтийн хэв журмыг хангах, цагдаагийн байгууллагын ачааллаас шалтгаалж эрх ашгаа хамгаалуулж чадахгүй хохирч байгаа иргэдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах ажиллагаанд олон нийтийг оролцуулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, цахим халдлагаас ангид байх эрхийг баталгаажуулах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл хийх арга хэмжээний зардлыг төсвийн төсөлд тусгалаа. Ингэснээр хүний эрхийн олон улсын механизмууд болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжүүдийг Засгийн газар хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг тогтмол авдаг байх чухал ач холбогдолтой гэж үзсэн талаар Төсвийн төсөлд тусгажээ.