Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ: Барилгын материал, тоног төхөөрөмжийн
импортын гаалийн татварыг чөлөөлж, НӨАТ төлөх хугацааг 4 жилээр хойшлуулна
Монгол Улсын Засгийн газраас бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар төлөвлөн 2024-2028 онд бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх ба бүс орон нутаг нь 20 гаруй төрлийн татварыг өөрийн онцлогоос хамааран ялгаатай тогтооно. Ингэснээр бүс бүр бие даан эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж, бизнес, хөрөнгө оруулалт татах, хоорондоо өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн.
Цаашид бүсчилсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй байна. Иймд бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг сэдэлжүүлсэн, урамшуулсан татварын багц дэмжлэгийг үзүүлэх болно.
Тухайлбал, хувийн хэвшлээс бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон хөрөнгө оруулалт хийхийг урамшуулж төслийн бүтээн байгуулалтын шатанд мөнгөн хөрөнгийн томоохон ачаалал болдог барилгын материал, тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг чөлөөлж, НӨАТ төлөх хугацааг 4 жилээр хойшлуулна.
Мөн төслийн бүтээн байгуулалт хийгдсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг 0 хувь хүртэл бууруулах боломжийг бүрдүүлэх, орлого олж эхэлсэн эхний 5 жилд төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгон 1 хувийн татварын ачаалалтай болгох зэргээр татварын цогц дэмжлэг үзүүлнэ.
"Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх,
ядуурлын түвшинг 2 дахин бууруулах”
зорилгыг хангахад төрийн өмч, хөрөнгийн оновчтой менежмент
онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын сэргэлтийн хүрээнд томоохон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь “шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь реформын эхлэл цэг” бөгөөд “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх, ядуурлын түвшинг 2 дахин бууруулах” зорилгыг хангахад төрийн өмч, хөрөнгийн оновчтой менежмент онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Ийм ч учраас Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэгд Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, төрийн болон орон нутгийн өмчит компанийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлж, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлагын хүрээнд олон улсын туршлагыг харгалзан, төрийн өмчит зарим компанийг олон улсын менежментийн багаар удирдуулах, үр ашгийг дээшлүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хэвшил бүрдүүлж, эдийн засаг дахь төрийн оролцоо олон жил өндөр хэвээр явж ирсэн. 2023 оны санхүүгийн үзүүлэлтийг авч үзэхэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан бөгөөд 2023 онд ашигтай ажилласан хуулийн этгээдийн 87 хувийг зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлсэн нь шинэчлэл зайлшгүй болохыг харуулж байна.
Түүнчлэн төр аж ахуйн шинжтэй үйл ажиллагааг хувийн хэвшилтэй зэрэгцэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газар байгуулах замаар эрхэлж байгаа нь үр ашиггүй ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төрд үүсэх зардлыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Иймд төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн жишигт нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хараат бус, мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлэх, ил тод байдлыг хангуулж, сахилга батыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Шинэчлэлийг ил тод байдлаас эхлүүлж, төрийн өмчийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах, удирдлагыг зохистой байдлаар хангах, олон нийтэд нээлттэй компани болгох, шаардлагагүй аж ахуйн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч, хувийн хэвшилд зах зээлийн орон зайг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудиттай хамтран ажиллах, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2005, 2015, 2024 онуудад Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалын талаар гаргасан бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлдэг байх, түүнд шаардагдах зардлыг улсын төсвөөс шийдвэрлэнэ гэж Төсвийн төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл (1)