УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асууж, Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ гэж төсөвт тусгасан байна. Багш нарын цалин 84-хөн мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөрийн яам руу тасралтгүй шаардаж, шаардлага хүргүүлсээр байгаа гэж та ярьсан байна лээ. Тэр шаардлагын хариу ирсэн үү? Боловсролын яам багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх санал гаргасан бэ. Үнэхээр танд бусад яам тээглээд байгаа бол УИХ дээрээ хэл. Үндсэн цалинг нэмэгдүүлэх олон боломж бий. Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалинд шилжүүлэхэд ирэх онд багшийн 1.8 сая төгрөгт хүрэх гарц байна. Үүнийг тооцоолчихсон байгаа. Таарахаараа зугтаагаад байгаа юм шиг яваад байх юм.
Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа 1000 гаруй багш бий гэж ярьсан байна. Тэгвэл 1.4 саяын цалинтай багш 180 хувийн нэмэгдэл авч байж үүнд хүрнэ. Энэ бол боломжгүй. Үүнийг олон багш нар хэлээд байна. Та хүний үг авдаггүй юм уу? эсвэл ийм сонин... Үнэхээр гайхаж байна.
Хичээлийн жил эхлэхэд ЕБС-ийн сургууль 4,200 багшийн дутагдалд орсон гэж та өөрөө ярьсан. Хэдэн багшийн орон тоо нөхсөн бэ? Багш нарын баярын өдөр ямар сайхан мэдээ дуулгах гэж байна вэ?
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр:
-Та бид хоёр нэг танхимд байж байна. Би танаас ердөө ч зугтаж байгаагүй.
Юуны өмнө багш нарын баярын мэндийг багш нартаа хүргэж байна. Энэ он бол багшийн дуу хоолойг эрхэмлэх жил. Өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг ярьсан. Багшийн дутагдлын талаар ярья. Физикийн багшийн тухайд, МУИС 2024 онд 8-хан, 2022-2023 2-хон, 2022 онд 7-хон хүн. МУБИС-т жилд 30-40 орчим хүнийг төгсгөж байна.
Энэ хичээлийн жил физикийн 190 багш сох дутсан. 9 сарын байдлаар 11-хэн багш ажилд орсон байна. Сумдаар явахаар хими, физикийн багшгүй байгаа. Тэтгэвэрт гарчихсан математикийн багш нь хичээлээ 26-27 цаг заагаад явж байгаа. Хотын захын сургуулиудад физикийн багш нь 40 цагийн ачаалалтай явж буй асуудал бий. Үүнийг та дурдах хэрэгтэй.
Үйлдвэрчний эвлэл, яамны хооронд байгуулсан өнгөрсөн жилийн гэрээ байгаа. Энэ хүрээнд 2026 он хүртэл боловсролын ажилтны цалинг 30 хувиас доошгүй өсгөх үүрэгтэй. Үүнийг биелүүлэхээр ажиллаж байна. Бидний НҮБ-ийн өмнө хүлээсэн үүрэг бий. Боловсролын салбарын зардлыг төсвийн зарлагын 20 хувьд хүргэхийн төлөө саналаа явуулж байгаа.
Засгийн газар 14 том төсөл дээрээ анхаарал тавиад, эрчим хүчний дутагдлаас гаръя гэсэн зорилго тавиад байгаа шүү дээ. Засгийн газар бол нэг цул гэдгийг Шадар сайд хэлээд байгаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар дамжуулаад энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүн болгон ойлгож байгаа шүү дээ.
Багшийн цалингийн асуудал бол. Миний хэлсэн тоо болгон баталгаатай зүйл шүү. Суманд багшлахад л орон нутгийн нэмэгдэл гээд 40 хувийг авч эхэлж байгаа шүү дээ. Зэргийн нэмэгдэл 30 хувь, Гүйцэтгэлийн үнэлгээ нь нэмэгддэг. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн систем рүү орчихоод байгаа шүү дээ. Харин гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал авч буй багшийн тоог эрс нэмж байгаа шүү. Үүнийг ойлгож хандах ёстой.
М.Жаргал