Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2023 оны жилийн эцсийн байдлаар нэрлэсэн дүнгээр 30.8 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 38.6 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлага болох 2023 онд 65.0 хувиас хэтрэхгүй байх гэсэн заалтыг хангасан.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу 2024 оноос эхлэн Засгийн газрын өрийн хязгаарыг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг өөрчлөн нэрлэсэн дүнгээр тооцохоор болсон. Үүний дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 44.4 хувьтай, 2025 оны төсөөллөөр 42.6 хувьтай тус тус тэнцэхээр байна. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 2024 оны Засгийн газрын өрийн тусгай шаардлага 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангахаар байна гэж төсвийн төсөлд дурджээ. Түүнлэн төсөлд "төсвийн болзошгүй эрсдэл"-ийг ч тоймлон хүргэсэн байна.
ТӨСВИЙН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛИЙН ТОЙМ
Нэг. Эрчим хүчний тасалдал: Манай улсын өнөөгийн эрчим хүчний хангамж, хүртээмж нь өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангаж чадахааргүй нөхцөл байдалтай байна. Эрчим хүчний үнэ нь үйлдвэрлэлийн бодит өртгөөс доогуур байгаа нь үр ашгийг бууруулж, эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна. Үүний зэрэгцээ манай улсын эрчим хүчний хангамж нь нэг төвлөрсөн системтэй ба станцуудын насжилт өндөр, дамжуулалт, түгээлтийн шугам, тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирч, элэгдсэн буюу эрчим хүчний тасалдал үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эрчим хүчний нийлүүлэлт тасалдах нь бодит салбаруудын үйл ажиллагаа, нийт эдийн засгийн бүтээмжийг хязгаарлах эрсдэлтэй.
Хоёр. Зуд, ган, мал, амьтны өвчин: Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буурах, үүнийг даган малчин, тариаланч аж ахуйн нэгж, өрхүүдийн орлого, хэрэглээ хумигдах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөх, малын халдварт өвчин тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, 2023 онд улсын хэмжээнд 4.9 сая мал хорогдож, төл бойжилт өмнөх оноос 28 хувиар буурсан бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт нутгийн 80 хувийг хамарсан зудын улмаас улсын хэмжээнд 8.1 сая толгой мал хорогдож, бойжуулсан төлийн тоо өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар буураад байна. Хоёр жил дараалсан өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын улмаас ирэх онуудад махны нийлүүлэлт буурч, хүнсний инфляц нэмэгдэх, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл багасаж, малчдын амьжиргаа дордон хэрэглээ хумигдах, цаашлаад эдийн засаг дахь хөрөнгийн хуримтлалд сөрөг нөлөө үзүүлж, өсөлтийг сааруулах
эрсдэлтэй байна.
Гурав. Экспортын түүхий эдийн үнийн бууралт: Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн гадаад зах зээл дээрх үнийн бууралт манай улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн түүхий эдийн дэлхийн зах зээлд өндөр нөлөө бүхий БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх нь манай улсын экспортын түүхий эдийн эрэлт, үнийг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Дөрөв. Геополитикийн тогтворгүй байдал: ОХУ-Украины нөхцөл байдал даамжрах, Газын зурвас, Израйл орчмын бүс нутгийн мөргөлдөөн хурцдах, Улаан тэнгист халдлага үргэлжлэх зэрэг эрсдэлүүд авто бензин, улаан буудай, хүнс, эрчим хүч зэрэг манай улсын импортын голлох бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж болзошгүй байна.
Тав. Нийлүүлэлтийн тасалдал: Монгол Улсын нийт импортын 80 орчим хувь нь Тяньжин боомтоор дамжин, төмөр замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтоор орж ирдэг. КОВИД-19 цар тахлын үед Тяньжин боомтод 9,000 гаруй чингэлэг бөөгнөрч, импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдал үүссэнээс шалтгаалан инфляц 16.9 хувьд хүрсний 8.9 нэгж хувь буюу 55 гаруй хувийг импортын инфляц бүрдүүлж байв. Тяньжин боомтоос өдөрт гарах галт тэрэгний тоо буурсантай холбоотойгоор энгийн үед 3,000 орчим байдаг тус боомт дээрх чингэлгийн тоо 2024 оны 7 дугаар сарын байдлаар 5,800 даваад байгаа нь нийлүүлэлтийн хугацааг уртасгаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлийг дагуулж байна.
Сэтгэгдэл (1)