Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байна.
“Үндэсний хиймэл дагуулын төсөл”
Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй байдлаар харилцаа холбооны тоон системийн сүлжээ үүсгэх зорилготой уг төслийг хэрэгжүүлснээр интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг байршлаас үл шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө. Мөн шилэн кабелийн сүлжээнээс хамааралгүй интернэтийн гуравдагч гарцтай болох, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөөгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах чухал ач холбогдолтой. Тус төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсөвт нийт 211.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” барих төсөл
Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, нөхөн сэргээгдэх эх үүсвэрийн нөөцийг бий болгож, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах зорилгоор Эрдэнэбүрэнгийн 90 MВт-ын хүчин чадалтай УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан. Төсөл амжилттай хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 756.6 мян.тонн нүүрс шатаасантай тэнцэх нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна, баруун аймгуудын импортын цахилгааны хараат байдлаас гарч, 100% дотоодын эх үүсвэрээр хангагдана, УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлалын бүс бий болно. Тус төслийг БНХАУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 100.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан байна.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төсөл
Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80%-ийг хангах үндэсний үйлдвэр бий болох ба шинээр 700+ ажлын байр бий болно. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Евро - 4,5 стандартын шаардлага хангасан 339.0 мянган тонн автобензин, 824.0 мянган тонн дизель түлш, онгоцны түлш 80.0 мянган тонн, 43.0 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн импортын хараат байдлаас гарч, шатахууны үнийг бие даан зохицуулах боломж бүрдэнэ. Тус төслийн ажлын 2025 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 449.9 тэрбум төгрөгийг 2025 оны төсвийн төсөлд тусгажээ.
“10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл.
Төвлөрсөн дулаан хангамжийн системгүй 10 аймгийн (Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар) төвд дэвшилтэт технологийн дулааны станц, дулааны шугам сүлжээ барьснаар иргэдийг найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар жилийн турш хангах, дулаан үйлдвэрлэлээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, бүс нутгийг хөгжүүлнэ. Төслийн хүрээнд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 67 км дулааны шугам, 1,400 шинэ ажлын байр бий болох ба 958 ААН, 606 төсөвт байгууллага, 691 нийтийн орон сууц, 1,433 амины орон сууцны дулаан хангамж шийдэгдэнэ. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 50.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.
“Солонго 1, 2 орон сууцны хороолол барих” төсөл.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах хүрээнд 17.5 га газарт 5002 айлын 66 блок 18,000 хүн амьдрах 2,706 авто зогсоолтой орон сууцны цогцолбор хороолол барина. Тус төслийг БНСУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 200.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төсөл.
Улаанбаатар хотод шинээр хоногт 250,000 м3 ахуйн болон үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламж барьж, цэвэрлэгдсэн усны чанарыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 55 барилга байгууламж баригдаж байгаа бөгөөд бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид усны төв коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авч бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэнэ. Тус төслийг БНХАУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 80.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан байна.
“Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл
/Номтын ам, Шинэ зуунмод хот/
Хөшигийн хөндийн Номтын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 70,000 м² бүхий томоохон цогцолбор баригдана. 2025 оны төсвийн төсөлд нийтдээ 676.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 210.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр тусгагдсан байна.
“Шинэ Хархорум” хот төсөл
“Шинэ Хархорум” хотын газар нутгийн 50% нь ногоон байгууламж байх бөгөөд гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинтой харилцан уялдсан амьтны амьдрах орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн хот байх зарчмыг баримтлан урьдчилсан байдлаар 189.3 мянган га талбайг хамарч 500,000 хүн амтай байхаар тооцож төлөвлөж байна.
Хөшигийн хөндийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлнэ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийн нэгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр орон нутгийн зэрэглэлтэй хотууд болон чөлөөт бүсийг байгуулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оноос дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт хийгдсэнээр 80.0 мянга орчим хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөж байна.
Бүс нутгийн найдвартай цахилгаан хангамж 1-р үе шат /Бүсүүдэд/
Монгол Улсад 2023 онд эрчим хүчний цахилгаан түгээх сүлжээнд 2773 удаагийн тасралт саатал гарч, нийт 2,819.0 мян.кВт.цаг эрчим хүч дутуу түгээсэн байна. Цахилгаан хангамжийн тасралт саатлын тохиолдлуудын 73 хувь нь тоноглол гэмтсэн, тулгуур хоорондын шугам болон цахилгаан дамжуулагч утас тасарснаас шалтгаалсан бол 17 хувь нь цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалсан байгаа нь олон жилийн насжилттай, хуучирч муудсан модон тулгуур бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын хүчин чадлыг сайжруулах, тоноглолыг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байх тул үе шаттайгаар шинэчлэн сайжруулахаар төсвийн төсөлд 59.9 тэрбум төгрөгийг тусгажээ.
НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай" суурь конвенцийн
талуудын 17 дугаар бага хурлын байгууламж
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенц нь 1996 онд хүчин төгөлдөр болсон Риогийн 3 конвенцийн нэг бөгөөд тус конвенцид 197 орон нэгдэн орсон байдаг. Уг конвенцод Монгол Улс 1996 онд нэгдсэн. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын Бага хурлыг 2 жилд тутам зохион байгуулдаг бөгөөд 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг ба хурал ойролцоогоор 10-12 өдөр үргэлжилдэг байна. Хурал зохион байгуулах байр, бүтээн байгуулалтын асуудлыг Монгол Улсын Засгийн газар шуурхай хангах шаардлагатай бөгөөд хурлын байранд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас өндөр шаардлага тавигддаг байна.
Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6
гүүрэн байгууламж хамт /Улаанбаатар/
Улсын чанартай А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам нь зорчих хөдөлгөөний эрчим өндөртэй ач холбогдол бүхий зам юм. Уг замаар өдөрт дунджаар 5931 авто тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд тус замыг 4 эгнээ болгон өргөтгөснөөр зүүн бүсийн дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж замын хөдөлгөөний багтаамжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах боломж бүрдэнэ.
Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн
шугам сүлжээ, дэд бүтэц /бүсүүдэд/
Хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоог бүрдүүлж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хүн амын төвлөрлийг сааруулах бүсүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор нийт 12 суурин газрын инженерийн шугам, сүлжээ дэд бүтцийг шинээр барих бөгөөд орон нутагт ажиллаж, амьдрах, орон сууц, бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн Улаанбаатар хот руу шилжих хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах боломж бүрдэх юм.
Нөмрөг-Улаангом чиглэлээс Арцсуурь хилийн боомт хүртэлх авто зам
Баруун бүсийн авто замын шинэ коридорийн нэвтрүүлэх хүчин чадал, логистикийн сүлжээг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих бөгөөд Арц суурь боомтыг төв замд холбохоос гадна Завхан аймгийн Нөмрөг, Тэс, Баянхайрхан, Түдэвтэй сумдыг дайран өнгөрөх өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.
Хэрлэн-Тосон-Уул-Халх гол чиглэлийн хатуу хучилттай авто зам, 256 км /Зүүн бүс/
Зүүн бүсийн авто замын шинэ коридор байгуулагдаж зүүн бүсийн интеграцид нэгдэх, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг сайжруулахаар 256 км замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Хөгжлийн төслүүдийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөний тухайд "Эдийн засгийн суурийг тэлэх томоохон дэд бүтцийн төслүүд нь бүтээн байгуулалтын явцад ажлын байр шинээр бий болгож, цалин, орлогын өсөлтийг дэмждэг бол дунд, урт хугацаанд амьдрах орчин, бүтээмжийг сайжруулж, улмаар төслийг дагасан шинэ хөрөнгө оруулалтуудыг татаж эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгодог" гэж төсвийн төсөлд дурджээ.