"Багш" гэж хэн бэ? урьд бол эрдмийн замд хөтөлсөн ачтан, хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулагч хэмээгддэг, хайрлагдаж, хүндлэгдсэн нэгэн байв. Одоо хэн болсон бэ. Хамгийн муу нь "багш" болдог юм шиг, хэн дуртай нь энэ мэргэжил рүү халдах боллоо. Мэргэжил гэхийн ард "хүн" гэдэг нэг амьтан бий.
П.Наранбаярыг "хүний нөөцгүй" боловсролын салбар угтаж авсан нь худлаа зүйл биш. Түүний шийдвэрийг зөв эсвэл буруу гэх аргагүй. Угтаа сэтгэл зүрхээ танихгүй явсаар их сургуулиа төгссөн олон хүн байгаа. Тэдний дунд "багшлах чадвартай, багшлахыг чин үнэн"-ээсээ хүсэж байгаа нь ч буй. Гэхдээ... Тухайн чиглэлээр мэргэшсэн боловсролтой иргэн 45 хоногийн сургалтад суугаад цаашид "сайн багш болж чадах"-ыг үгүйсгэхгүй. Учир нь 4 жил сурсан болгон сайн багш байж чаддаггүй нь дэгс бус.
Багшийг диплом л тодорхойлох уу? Багш хүн мэдлэг, авьяас, мэдрэмж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн нэгэн биш үү? Өөрөө хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж л өрөөлийн хүсэл мөрөөдлийн замыг гэрэлтүүлж өгдөгийг харж билээ.
Хөрвөх гэгч ерөөсөө байгаагүй зүйл биш. Зарим сургуульд 1-2 жилийн анги бий. "Багшлах эрхийн гэрчилгээ олгох" сургалтад суугаад ЕБС-д багшилж буй хүмүүс ч байгаа. Энэ бол шинэ зүйл огт биш. Зөвхөн илүү өргөн хүрээг хамруулан журамлаж өгсөн л асуудал.
Цалин, ажиллах орчин нь наад захын ил харагдаж байгаа дутагдал. Үүний зэрэгцээ их сургуулийн босгыг өндөр болгохгүй бол нэмэргүй.
Мөн багшид хандах эцэг эх, сурагчдын хандлага ч өнөөдрийн үүсээд буй асуудлын нэг гол хүчин зүйл гэдгийг санууштай.
Сэтгэгдэл (9)