Засгийн газар хуралдлаа. Шадар сайд Т.Доржханд хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэв.
Тэрбээр "Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулахдаа "Өнөөдрийн хуралдаанаар маш чухал нэг асуудлыг хэлэлцлээ. Энэ бол эрчим хүчний салбарын реформ.
Засгийн газар яагаад хамтарсан юм бэ? Засгийн газар том төслүүдийг хөдөлгөж, реформоо хийж чадах юм уу? гэдэг асуултад өнөөдрийн хурал хариулт өглөө.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд яамдын үйл ажиллагааг уялдуулах үндэсний хороо гэж байгаа. Үүний хүрээнд Дэд хороог байгууллаа. Дэд хороо нь эрчим хүчний шинэчлэл хийх, том мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифыг өөрчлөх зэрэг ажлыг хийнэ. Дэд хороо нь Засгийн газрын гишүүдээс гадна улс төрийн намуудын төлөөлөл, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд орж ажиллах шийдвэр гарлаа.
Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүждэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүчний салбар юм. Учир нь Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Өргөн уудам газар нутагтай, газар доорх эрчим хүчний эх үүсвэр өндөр. Түүнчлэн байгалийн ногоон эрчим хүчний нөөцтэй.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Дунд хугацаанд энэ салбарын реформыг зоригтой хийнэ. Салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ салбар төрөөс монопол, зах зээлд шилжиж чадаагүй. Энэ салбарын үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно.
Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлт хийнэ. Эхний ээлжинд өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийн зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна.
Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авчээ. Үндэсний аюулгүй байдал талаасаа хараат бус байя гэвэл хамгийн түрүүнд хийх өөрчлөлт бол эрчим хүчний хараат бус байдал юм.
Ногоон эх үүсвэрийг санхүүжүүлэхэд бэлэн гэж байгаа хөрөнгө оруулагчид бий. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг татна. Эрчим хүч байж гэмээн том төслүүд цааш хөдөлнө. Ямар нэгэн популизм байхгүйгээр том төслийг хөдөлгөх суурийг үүнээс эхэлж буйг мэдэгдэж байна.
2026 он гэхэд 100 хувь өөрсдийгөө хангах төлөвлөгөө боловсруулж байна. Цаашид дунд урт хугацаандаа эрчим хүч экспортолно гэж томъёолоод явж байна. Энэ жилийн хувьд байдал хүнд байгаа нь үнэн.
Эрчим хүчний салбарт 1 их наядыг зарцуулна гэсэн байдлаар явж байна. Үүнээс 500 орчим тэрбумыг Улаанбаатар хотын бонд гаргах байдлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ долоо хоногтоо төсвийн тодотгол батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)