БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургуулийг төгсөж МУИС-д хуульч мэргэжил эзэмшчээ.
БАРИМТ 3
Тэрбээр нам, улс төрийн ажлыг хослуулж хашиж ирсэн туршлагатай. “Улаан тойрог” гэгддэг Говь-Алтай аймгийн ганц мандат дээр ялалт байгуулсан улстөрч.
БАРИМТ 4
Бизнесээс шууд улс төрд хөл тавьсан хүмүүс, төрийн албанд ажиллалгүйгээр улс төрд орж ирэгсэдтэй харьцуулбал Ш.Раднаасэдийг төрийн мэргэшсэн албан хаагч гэж хэлж болохоор. Хууль зүйн яамнаас ажлын гараагаа эхэлж, ЗГХЭГ-т хуульд нухлагдаж 10 орчим мэргэжлээрээ дагнан ажилласан нэгэн.
БАРИМТ 5
Авлигатай тэмцэх газрын анхны ажилтнуудын нэг тэрбээр 2008 оноос Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаанчлалын үед хуулийн бодлогын зөвлөхөөр нь уригдан ирж ажиллажээ. Тиймдээ ч түүнийг улс төрд орох үед гурав дахь ерөнхийлөгчийн хүн хэмээх нэр хаяг дагалдаж байсан удаатай. Харин тэр үүнийг тайлбарлахдаа залуу хүнд итгэл үзүүлсэн учраас ирж ажилласан хэмээн хэлж байж.
БАРИМТ 6
Улс төрийн намтай холбогдсон намтар нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсоны дараахан эхэлжээ. 2008 онд МАН-д элссэнээс хойш намын генсекийн зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, намын гал тогоо, арын албанд зүтгэсэн намтар түүхтэй.
БАРИМТ 7
Ардын намыг 2012 оны сонгуульд ялагдаж сөрөг хүчин болох үед Ш.Раднаасэдийг УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар нь томилон ажиллуулсан байдаг. Тухайн үеийн намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нартай гар нийлж ажилласан гэсэн үг.
БАРИМТ 8
2015 оны эхээр МАН, АН хамтарч засаг барилцах зурвасхан үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдож, намын үе үеийн дарга нартай ойр шадарлаж, намын гал тогоог авч явсны хувьд өнгөрсөн сонгуулиар түүнд төрсөн нутагтаа нэр дэвших эрх олдсон гэлцдэг.
БАРИМТ 9
Тэрбээр анхны парламентадаа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаа давгүй аваад явчихдаг, цэгцтэй чамбай улстөрч гэгдэж, байнгын хорооны даргын албан тушаалыг 3 жил хашсан байдаг.
БАРИМТ 10
Ш.Раднаасэдийн ахалж ажилласан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, үүн дээр үндэслэн төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол батлаад 3 жилийн нүүр үзэж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ тогтоолоор баталгаажсан асуудал нэг мөр шийдэгдээгүй.
БАРИМТ 11
Түүнийг байнгын хорооны даргаар ажиллаж байх үед хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Прокурорын тухай зэрэг 20 орчим хууль батлагдаж, ачааны гол хүндийг үүрч ажилласан байдаг.
БАРИМТ 12
Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлж байхдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, нэр бүхий албан тушаалтнуудад ял завших боломж олгосон гэдэг шүүмжлэлд өртөж, шүүмжлэл эсэргүүцлийн бай болох эхлэл тавигдсан.
БАРИМТ 13
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шүүмжлэл гарч эхлэх хүртэл Ш.Раднаасэд янз бүрийн хэл аманд орооцолдоогүй, хэлэх гэсэн үгээ чуулган, байнгын хороон дээр нуршилгүй хэлчихдэг, харьцангуй нэр цэвэр гэгддэг байв.
БАРИМТ 14
Мэргэжлийн хяналтын нэр бүхий хүмүүстэй холбоотой авлигын хэрэг илэрсний нэг нь түүний их сургуулийн ангийн найз Н.Баярсайхан байж таарсан нь дээрх хардлагыг улам лавшруулж тэдэнд зориулж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн хардлага өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хэдий тэрбээр энэ талаар хэвлэлийн бага хурал хийж, “Хэрэг түдгэлзсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэг нь алга болох оргон зайлах зэргээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор гаргасан” хэмээн тайлбарлаж байв.
БАРИМТ 15
Ямартай ч түүнийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад хамааралгүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас байгуулсан ажлын хэсэг гаргаж, Авлигатай тэмцэх газраас өгсөн албан бичигт мэргэжлийн хяналтын хүмүүстэй холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүйг нотолсон байдаг.
БАРИМТ 16
Улс төрийн фракц, бүлэглэлийн хувьд хэн нэгэнд шууд харьяалагддаггүй ч одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр гэдэг. МАН-ын бүлгийн 64 гишүүн 2 хуваагдахад тэрбээр өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дарсан гишүүдийн нэг. Гэхдээ 2 бүлгийн алинтай нь ч хэл амаа ололцдог, шууд нэг талд гараад ил “дайтаад” байдаггүй хэмээн журмын нөхөд нь үздэг юм билээ.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд 2016 оны сонгуулиар Говь-Алтайн ганц мандат дээр АН-аас нэр дэвшсэн, аймгийн Засаг дарга Х.Амгаланбаатартай өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Харин 2020 оны сонгуульд мөн л аймаасаа сонгогдсон.
БАРИМТ 18
Авлигатай тэмцэх газар нүүрсний хэрэгт нэр холбогдсон улстөрчдийг зарлахад түүний нэр багтсан.
БАРИМТ 19
Энэ үед тэрбээр “УИХ-ын сонгуулийн тойрог суллах зорилгоор намаас өгсөн даалгаврын дагуу АТГ нэр зарлалаа. Жинхэнэ хулгайч нар нь сугарч үлдлээ. Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүй гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Нэрийг нь зарлана, шалгуулна. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл” гэж чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байв.
БАРИМТ 20
Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон энэ үедээ нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон бол анх удаа парламентад сонгогдсон жилдээ ажилд оруулсан хүн нь авлигын хэрэгт холбогдлоо гэдэг дуулианд нэр холбогдож байв.
БАРИМТ 21
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсоныхоо дараа ч тэрбээр “МАН-аас гарахад асуудалгүй, өргөдлөө бичсэн ч болно” гэдэг мэдэгдэл хийсэн ч хэн нэг нь энэ үйлдлийг нь зогсоосон уу, эсвэл өөрөө түр азнахаар шийдсэн үү. Одоог болтол намаас гарах өргөдөл өгөөгүй.
БАРИМТ 22
Ер нь парламентад өргөн баригдсан хуулийн төслүүдийн “но”-г олж харж, засч залруулах шаардлагатайг сануулдаг цөөн гишүүний нэг байв.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг олонхийн бүлэг дэх “ганц сөрөг хүчин нь” гэж ярих нь ч бий.
БАРИМТ 24
Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй.
Сэтгэгдэл (10)