Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Бага буюу 16 насны ангилалд нийт 81 бөх барилдсанаас хагас шигшээд 30 хүүхэд шалгаран барилдаж байна. Үүнээс маргааш шигшээ барилдаанд 10 хүүхэд шалгарч аваргын төлөө өрсөлдөнө. Энэ насанд Хөвсгөл аймгийн БТСГ-ын Б.Бадмаанямбуу, "Хонгор нутаг" дэвжээний Э.Мөнхбаатар, Хэнтий аймгийн БТСГ-ын А.Тайванбат, Өмнөговь аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны О.Сумъяабазар, Архангай аймгийн БТСГ-ын Э.Батмагнай, Баян-Өлгий аймгийн "Тастүлек" дэвжээний Б.Нурайдын зэрэг хүүхдүүд унаагүй болон хамгийн бага унаатайгаар бусдыгаа манлайлж явна.
Дунд нас буюу 17 насанд нийт 80 бөх барилдсанаас хагас шигшээд мөн 30 хүүхэд үлдэн шигшээ 10-д шалгарахын төлөө өрсөлдөж байгаа агаад ОХУ-ын Тува улсын бөх О.Максем, Баян-Өлгий аймгийн уугуул, Баянгол дүүргийг төлөөлсөн Е.Ховланды, Завхан аймгийн уугуул, "Эв Монгол" клубийн А.Буянжаргал, Говь-Алтай аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны Б.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн БТСХ-ны Ж.Далайцэрэн нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар тэргүүлэн барилдаж байна.
Том буюу 18 насанд 71 бөх барилдсанаас хагас шигшээд 30 бөх үлдсэн бөгөөд Төв аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны Б.Батжаргал, Өмнөговь аймгийн БТСГ-ын С.Баярбаатар, ОХУ-ын Тува улсын Н.Сугдер, Завхан аймгийн БТСГ-ын Д.Нарантулга, Дорнод аймгийн уугуул, "Аварга" клубийн А.Дэмүүл нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар үеийнхнээ өнгөлөн барилдаж байна.
Харин Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд нийт 110 бөх оролцож байгаа бөгөөд 10 хэсэгт хуваагдан барилдсанаас Увсын сумын заан Ц.Бямбацогт, Говь-Алтай аймгийн уугуул "Эв Монгол" клубийн бөх сумын заан Э.Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны бөх С.Нуртилек, Завхан аймгийн БТСГ-ын бөх аймгийн начин Б.Сундуйжав, Увс аймгийн уугуул, "Алдартан" клубийн бөх, сумын заан Г.Цэрэнтогтох, Архангай аймгийн уугуул, "Бөхбилэгт" дэвжээний бөх Б.Хадбаатар, Говь-Алтай аймгийн уугуул, "Хантайшир" дэвжээний сумын заан Л.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн уугуул, "Эв Монгол" клубийн аймгийн начин Д.Сумъяабазар, Архангайн аймгийн уугуул, "Бөхбилэгт" дэвжээний аймгийн начин С.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн уугуул, "Баатар Хангарьд" дэвжээний бөх, сумын заан О.Тамир нар одоогийн байдлаар хэсгээ тэргүүлэн барилдаж байна. Эндээс өнөө орой хагас шигшээд 30 бөх шалгарч үлдэх юм.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр залуучуудын ангиллын хагас болон шигшээ барилдаан, өсвөрийн ангиллын шигшээ барилдаан тус тус үргэлжилж дүнгээ гаргана.
Л.Баяр