"ISIS" гэгддэг Исламын улс бүлэглэл өнгөрсөн баасан гарагт Москва дахь концертын талбайд гарсан халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ. Тэдний зэвсэгт этгээдүүд Орост сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн том террорист халдлагыг үйлдэж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ.
Нийтдээ 137 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан уг халдлагын ард хуучин ЗХУ-ын Бүгд Найрамдах Тажикистан улсын дөрвөн эрэгтэй байсан гэж Оросын эрх баригчид буруутгаж байгаа. Террорист ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байгаа сэжигтнүүдийг ням гарагт Москва хотын шүүх хуралд оролцуулсны дараагаар энэ сарын 22-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан.
АНУ-ын албаныхан уг халдлагыг Хорасан дахь Исламын улс буюу "ISIS-K" бүлэглэл нь төв Азид үйл ажиллагаа явуулдаг, бүс нутгийн хамгийн харгис, аймшигт террорист бүлэглэлийн нэг болсонтой холбон тайлбарлаж байна. Арваннэгдүгээр сараас хойш АНУ "ISIS-K" бүлэглэл Орост халдлага үйлдэхээр шийдсэн гэсэн тагнуулын мэдээллийн урсгалыг хүлээн авсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Тэд сэрэмжлүүлгийг Москвад дамжуулсан байна.
"ISIS-K" гэж хэн бэ?
"ISIS-K" нь 2015 онд байгуулагдсан, Афганистан, Пакистан, Иранд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд Сири, Иракаас гаралтай "ISIS" бүлэглэлийн өөр нэг салбар бөгөөд оргил үедээ асар том газар нутгийг хяналтандаа байлгаж байв.
Ирак, Сири даяар "ISIS" бүлэглэл өөрсдийгөө тунхагласан ч засаглал нь нуран унаснаас хойш таван жилийн дараа тус бүлэглэл Африк, Ойрхи Дорнод, Төв Ази, Зүүн өмнөд Ази зэрэг бус нутагт террорист сүлжээгээ тунхагласан.
"ISIS-K" болон тэдгээрийн нарийн холбоо хэнд ч ил биш. Хамтарсан байгууллагууд нь үзэл суртал, тактиктай боловч тэдний харилцааны гүн гүнзгий зүйлс мөн л нууц байдаг.
Дэлхийн терроризмыг хянадаг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн мэдээлснээр, 2018 оны байдлаар гэхэд "ISIS-K" нь дэлхийн хамгийн их үхэлд хүргэсэн дөрөв дэх террорист бүлэглэл хэмээжээ.
2021 оны наймдугаар сард Талибууд Афганистаныг эзлэн авч, АНУ-ын цэрэг тус улсаас гарсан нь "ISIS-K"-г дэлхийн анхаарлын төвд оруулсан гэж хэлж болно. Тухайн үед тус бүлэглэл Кабулын нисэх онгоцны буудлын гадаа АНУ-ын 13 цэргийн албан хаагч, 170 афганчуудыг хөнөөсөн аймшигт бөмбөгдөлтийг зохион байгуулсан юм.
Энэ нь "ISIS-K"-ийн хувьд АНУ-ын дайсан болох эхний алхам нь болсон. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хариу арга хэмжээ авна гэж байлаа.
НҮБ-ын тооцоогоор 2021 онд тус бүлэглэл Афганистаны Кунар, Нангархар мужид байрладаг 2200 хүртэл үндсэн дайчинтай гэгдэв.
Тэд юу хүсч байна вэ?
"ISIS-K" нь үндсэн байгууллагынхаа нэгэн адил цэвэр Исламын улс байгуулахыг зорьдог. Шариатын хуулиар зохицуулагддаг, дэлхий даяар үндэстэн дамнасан номхруулах, цээрлүүлэх бүлэг юм.
"ISIS-K" талибуудыг харилцан үзэн яддаг. Афганистаныг захирдаг Исламын бүлэглэлээс ч илүү радикал үзэлтэй. Талибуудыг Исламын хууль ёсны удирдагч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Иймээс "ISIS-K"-ийн сүүлийн үеийн халдлагууд нь ихэвчлэн Талибан болон бусад бэлгэдлийн бай, мөн Афганистаны лалын шиит цөөнх, ялангуяа угсаатны Хазара руу чиглэсэн байна.
АНУ, Их Британи, Европыг оролцуулаад барууны орнуудыг үзэн ядах үзэл нь Орос руу халдах өөр нэг шалтгаан нь байсан гэж судлаачид үздэг.
Л.Сайнаа