Өнгөрөгч оны Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл дээрх бөхчүүд МҮБХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан байжээ. Тус гомдлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон гэх мэдээлэл өнгөрөгч 12 дугаар сард тарсан.
Тодруулбал, Тэд 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 69 дугаар тогтоолын холбогдох хэсэгт Допингийн эсрэг үндэсний дүрэм, Үр дүнгийн удирдлагын Олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоолгож, уг шийдвэрийг хүчингүй болгох, барилдах эрхийг сэргээхийг "Монголын Үндэсний бөхийн холбоо"-нд даалгах өргөдлийг гаргасан гэдэг.
Хэрэв тэдний барилдах эрх сэргэсэн бол дотооддоо барилдах л байсан биз. Гэвч өчигдөр ӨМӨЗО-ны Авга хошуунд болсон 64 бөхийн барилдаанд Улсын харцага Ц.Мөнхбаяр зодоглож, дөрвийн даваанд Өвөрмонгол аймгийн арслан Сэнгээгаравт сандал, ширээн дээр даруулан унаж байгаа харагдав. Манайхан хэнэггүй улс л даа. Хэн ч юу ч дуугарсангүй. Гэвч хууль, дүрэм хаана үйлчлээд хаана үйлчилдэггүй юм бол доо.
Уг нь их спортод допинг хэрэглэсэн тамирчинг гадаад дотоодын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасдаг жамтай. Гэвч манай үндэсний спортод ийм зөрчил илэрвэл тухайн спортдоо л барилдахгүй гэх заалт байдаг гэх. Мах цусны тасархай өвөрлөгч бөх ч ялгаагүй улбаа гарвал нэгтэй үндэсний спорт биш билүү?
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)