Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-наас “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэх гэж байна. Таван өдөр үргэлжлэх тус тэмцээн нь олимпын жилд болж буйгаараа онцлогтой. Олимпын жинд түрүүлсэн тамирчин номер нэгээр эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Энэ сарын 10-нд техникийн зөвлөгөөн, сугалаа болох бол 11-нд эрэгтэйчүүдийн 57, 70, 97, эмэгтэйчүүдийн 53, 59, 68 кг-ын барилдаантай.
Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпын эрх авсан тамирчин тухайн олимпод шууд оролцохыг зарласан. Тиймээс эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын олимпын эрх авсан Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар улсын аваргыг өнжиж, дэлхийн чансааны тэмцээнд барилдах аж. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 12-нд болно.
Чөлөөт бөхийн тамирчдын хувьд дөрөвдүгээр сарын 19-21, тавдугаар сарын 9-12-нд олимпын эрх олгох тэмцээнд оролцоно. Тиймээс улсын аваргад финалдсан тамирчид дээрх хоёр тэмцээнд өрсөлдөх магадлал өндөр учраас олимпын жингүүд өрсөлдөөн ихтэй байх нь ээ. Тэмцээнийг МҮОНТВ-ийн спорт сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.
Сонирхуулахад, дотоодын чансааг тодорхойлох зорилгоор хүрэл медаль авсан болон тавдугаар байрт шалгарсан хоёр тамирчны хооронд нэмэлт барилдааныг анх удаа зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (1)