Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон Монголросцветмет нэгдлийн 50 жилийн ойн барилдаан, Оны сүүлийн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан тус тус боллоо. Тэдгээр барилдаануудаас онцлох СОНИРХОЛТОЙ үйл явдлуудыг та бүхэнд тоймлон хүргэе.
Эрчүүд хэзээ ч том болдоггүй
Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаанд урамтай сайхан барилдаж их шөвөгт шалгарсан Улсын манлай заан Баатархүүгийн Пүрэвсайханы хүүтэйгээ "Bottle Flip Challenge" хийн чин сэтгэлээсээ өрсөлдөж буй нь олны хайрыг татав.
Хамт унаж, давдаг бөх хүний гэргий
Тус барилдаанд манлай заан гэргий, хүү хоёроо авч ирээд үзэгчдийн суудалд, өөрийнхөө яг ард суулгасан нь мөн л олны анхаарлын төвд байв. Барилдааны шөвгийн дөрөвт Б.Пүрэвсайхан заан Улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй тунан барилдаж өвдөг шороодох үед түүний гэргий нүүрээ даран харж чадахгүй байгаа нь хүмүүсийн хайрыг мөн л татлаа. Унахад нь хамт унаж, давахад нь хамт давдаг бөхийн эхнэр хүний жаргал, зовлон их ээ... Дашрамд, түүний гэргий нь Улсын заан Д.Бумбаярын охин билээ.
Залуу зааны ЗАСРАЛЫН зам
Энэ сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд болсон "Ургацын баяр - 2023"-т зориулсан барилдааны хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Б.Серик Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Сумын заан А.Тодмагнайг давахдаа зүй бус үйлдэл гаргасан шалтгаанаар нэг жил барилдах эрхээ хасуулаад байгаа билээ. Тэрбээр өөрийн хийсэн уг үйлдэлдээ гүнээ гэмшин уучлал гуйж, шийтгэл амсах болно гэдгээ заан өмнө нь мэдэгдсэн.
Тэгвэл Б.Серик өчигдөр болсон сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаас эхлэн сайн дураараа хөлийн цэц хийж байгаа ажээ. Залуу хүнд алдах зүйл олон. "Гэвч алдаагаа ухамсарлаж, өөрийгөө залруулахг хичээж байна гэдэг нь ухаантай хүний үйлдэл" хэмээн бөхийн хорхойтнууд түүнд ам сайтай байна.
Дэвжээг хүндэлсэн ДЭГЖИН азтан
Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаанаас азтай есөн үзэгч тус бүр нэг сая төгрөгийн азтан боллоо. Тэдний дундаас нэгэн бүсгүй шагнал гардахаар үзэгчдийн суудлаас гарч ирэхдээ гутлаа дэвжээний захад тайлж орхисон үйлдэл нь бөх сонирхогчдын хайрыг булаалаа.
Хүндлэл үзүүлнэ гэдэг хүн байгаагийн ГЭРЧ
Бямба гарагт болсон Манлай заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд гурван аварга, нэг гарди тэргүүтэй бөхчүүд зодоглов. Бөхчүүд дэвжээ тойрон алдар нэрээ зарлуулахаар эгнэх үест Улсын гарди Ц.Бямба-Отгоны Даян аварга Н.Батсуурьт хүндэтгэл үзүүлж буй дүр зураг мөн л өнгөрсөн амралтын өдрийн тааламжтай агшнуудын нэг байлаа.
Ховдын их гурвалыг цуцаасан Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
Энэ сарын эхээр Увс аймгийн Улаангом хотод "Увс нуур" галын 25 жилийн ойд зориулсан Аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд нэг ч уналгүй түрүүлсэн Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Манлай заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд бэлтгэл сайн байгаагаа харуулж тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг, зургаагийн даваанд Улсын заан Б.Пүрэвсайханг хаяж, долоогийн даваанд Улсын аварга О.Хангайгийн тамирыг тасартал барилдаж уналаа.
Улсын харцага Г.Бадрах улс, аймагт анх удаа түрүүллээ
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын залуу харцага Ганцогтын Бадрах Монголросцветмет ТӨҮГ 50 жилийн ойн улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд долоо даван түрүүллээ. Энэ нь түүний улс, аймагт хүртэж буй анхны түрүү билээ.
2022 оны Улсын баяр наадмаар зургаа давж, харцага цол хүртсэнээсээ хойш тэрбээр өнөө жилийн баяр наадмаар шөвгөрсөн. Мөн өнгөрсөн оны Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяртай үзүүр түрүү булаалдаж унасан. Түүнчлэн Хан-Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Хэнтий аймгийн баяр наадамд үзүүр булаасан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)