Шинэ оноо хуучнаар сольж, шижгэр амжилтаа дүгнэх цаг иржээ. Үндэсний шигшээ багийн тамирчид энэ жил Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 102 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ. Шигшээ багийн спортын 25 төрөлд 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн нь олимпын өмнөх бэлтгэлжилт ямар түвшинд хангагдаж байгаа илтгэнэ. Энэ үеэр бид та бүхэнд улиран одож буй 2023 онд манай улсын тамирчид ямар ямар бахдам амжилт гаргасан хийгээд спортын салбарын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
1. Улсын баяр наадмын хоёр дахь ДОПИНГТОЙ түрүү бөх М.Бадарч болов
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн. Улмаар М.Бадарчийн шинжилгээнээс допинг илэрсэн нь олон нийтийг цочирдуулам дуулиант үйл явдал байлаа. Ингэснээр тэр допинг илэрсэн хоёр дахь түрүү бөх болов. Түүний өмнө 2019 түрүүлж, аварга цол хүртсэн Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн юм.
2. Боксын тамирчнаас ДОПИНГ илэрсэн анхны тохиолдол
БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд аваргалсан Монголын боксын тамирчин Б.Чинзоригоос допинг илэрсэн нь тогтоогдсон. Тэр Азийн наадмын алтан медаль болон олимпын наадмын эрхээ хураалгах эрсдэлтэй нүүр тулаад байгаа.
Монголын боксын холбооноос түүний энэхүү хариуцлагагүй үйлдэлд арга хэмжээ авч, Үндэсний шигшээ багаас хасах санал гаргасан байна. Мөн Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр болон туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарт сахилгын хариуцлага тооцох шийдвэр гаргасан.
Мөн Монголын боксын холбооны эмч Ч.Насанбатад цалингийн 20 хувиар гурван сар хасах шийтгэл оноожээ. Допингтой нэр холбогдсон тамирчин, дасгалжуулагч нарт арга хэмжээ авсан тухай шийдвэрээ Монголын боксын холбоо гаргасан байна.
3. Байт харвааны анхны Азийн наадмын аваргатай боллоо
БНХАУ-ын Ханжоу хотноо болсон Азийн наадмын Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв. Тэр Азийн наадмын аварга болохын сацуу олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
4. Т.Тулга Азийн наадмын аварга болов
БНХАУ-ын Ханжоу хотноо болсон Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, Ази тивийн хошой алтан медальт, Ираны бөх Рахман Амузад Халилитай барилдаж, оноогоор (11:1) цэвэр ялснаар алтан медаль хүртлээ. Т.Тулга Азийн наадмаас алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн 12 дахь аварга болсон юм.
5. “Ханжоу-2022” Азийн наадмын БААТРУУД
Алтан медалийг Б.Чинзориг – Эрэгтэй бокс - 63.5 кг, Т.Тулга – Эрэгтэй чөлөөт бөх - 65 кг, Б.Отгонболд – Эрэгтэй байт харваагаар тус тус хүртсэн бол мөнгөн медалийг И-Спорт Дота 2 төрлийн баг, Б.Гончигсүрэн - Эрэгтэй жүдо - 100 кг, Ё.Басхүү – Эрэгтэй жүдо - 66 кг, 3x3 сагсан бөмбөгийн U23 насны эмэгтэй шигшээ баг, М.Лхагвагэрэл – Эрэгтэй чөлөөт бөх - 125 кг тус тус хүртсэн юм.
Харин наадмын хүрэл медалийг 3x3 сагсан бөмбөгийн U23 насны эрэгтэй шигшээ баг, О.Есүгэн – Эмэгтэй бокс - 50 кг, С.Жамбалжамц - дугуй, Ц.Цогтбаатар – Эрэгтэй жүдо - 73 кг, А.Адьяасүрэн – Эмэгтэй жүдо +78 кг, Л.Сосорбарам – Эмэгтэй жүдо - 52 кг, Жүдо бөхийн холимог баг, Ц.Батцэцэг – Эмэгтэй кураш - 70 кг, Хийн урт бууны эмэгтэй баг (О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метр, М.Даваадорж – Эрэгтэй жюү жицү - 77 кг, Н.Насанбуян – Эрэгтэй чөлөөт бөх - 57 кг, Г.Ганхуяг – Эрэгтэй чөлөөт бөх - 97 кг, Э.Дэлгэрмаа – Эмэгтэй чөлөөт бөх - 68 кг тус тус хүртэв.
6. Боксын ДАШТ-ий БААТРУУД
Энэ жилийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангасан. Тодруулбал тэмцээний 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлж ялсан.
Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан билээ. Хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орон буюу Узбекистаны боксчин А.Мудинхуаевт ялагдсан юм.
7. 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг Азийн аварга болов
Сингапурт болж буй 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах финалын тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг Австралийн багтай өрсөлдөж ялалт байгуулсанаар Азийн аварга боллоо. Тус тоглолтод манай залуус өрсөлдөгчөө 21:18-аар илүүрхэн хожсон юм. Мөн Азийн аваргын үнэ, цэнэтэй тоглогчоор манай эрэгтэйчүүдийн багийн тамирчин Д.Дэлгэрням тодорч бэлгэдлийн багт шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн дөрөвт БНХАУ-ын хүчирхэг багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
8. Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам Баянхонгорт болов
Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болж өндөрлөсөн.
Хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа Баянхонгорт болсон хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 11-18 насны 5000 гаруй тамирчин чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, спорт бүжиг, байт харваа, бадминтон, гандбол, таеквондо гэсэн спортын 23 төрөлд хурд хүчээ үзэж, оюун ухаанаа уралдуулж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
“Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалья” уриан дээр зохион байгуулагдсан наадам 197 жин зайд 1500 медалийн төлөө 17 спорт заал танхимд зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медальтай багийн дүнгээр тэргүүлж, Сүхбаатар дүүрэг 21 алт, 19 мөнгө, 21 хүрэл медальтай аман хүзүүдэж, Баянзүрх дүүрэг 17 алт, 16 мөнгө, 37 хүрэл медальтай гуравдугаар байрт оров.
9. Цахим спортын Дэлхийн аваргатай болов
Монголын IHC баг PUBG MOBILE 2023 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Group, Survival болон Last Chance шатуудад өрсөлдөн 4-р байрыг эзэлсэн билээ. Улмаар дэлхийн аваргын финалд өрсөлдөх эрхээ авсан юм.
Тодруулбал, PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports" гэсэн гурван баг оролцсон юм.
IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноогоор ДАШТ-ий цомыг өргөж, энэ төрөлд тэргүүлсэн анхны Монгол баг боллоо.
Энэ жилийн PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас анх удаа гурван баг оролцсон юм. Мөн шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорсон байна.
10. Снукер бильярдын дэлхийн аваргын АНХНЫ медальтан
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 26-нд болсон. Тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдсөн ч хожигдсоноор хүрэл медаль авсан байна.
Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм.
11. Монгол улс анх удаа Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулав
Монгол улсад түүхэндээ анх удаа ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулав.
12. Дийлдэшгүй Цэндээ
Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны 2 дахь жилийн баярын арга хэмжээ энэ сарын 18-нд боллоо. Энэ үеэр "Holiday Fight Night 2" эвентэд явагдаж байгаа сонирхолтой 6 тулааны нэгд МУГТ Э.Цэндбаатар тулалдсан юм.
Тэрбээр өчигдөр Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкесийг сүүлийн 8 дугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн боксд 8, "Boxing Insider" холбоонд 4 дэх ялалтаа байгууллаа.
13. Дэлхийн шилдэг уран гулгагчид Монгол чуулав
Өнгөрсөн тавдугаар сарын 6, 7-нд "Steppe Arena"-д ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу тоглолт болов. Дэлхийн шилдгүүдийг бид дэргэдээс нь, Монгол Улсад үзэх, харах боломжийг БТСУХ, ОНБТСҮХ- санаачлан бүрдүүлсэн. Уран гулгалтын шоу, үзүүлэх тоглолтод оролцох 16 тамирчдыг Олимпын аварга Камила Валиева, Марк Кондратюк, дэлхийн аварга Елизавета Туктамышева нарын алдартнууд тэргүүлсэн.
Түүнчлэн 2022 оны олимпын багийн төрлийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын наадмын медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский, мөн Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар Монголд ирсэн юм.
14. Азийн ПАРА наадмын БААТРУУД
Энэ удаагийн Азийн пара наадамд манай улсын 68 тамирчин 14 спортын төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. Нийт 44 орны баг тамирчид өрсөлдсөн тус наадамд монголчууд хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 20 дугаар байрт эрэмбэлэгдэв.
Тус наадмаас Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат, Таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нар алт, Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд У.Сүрэнжав, Зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд ОУХМ Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр тус тус мөнгөн медаль хүртэв.
Харин тус наадмаас хүрэл медалийг Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Баттөгс, Хөнгөн атлетикийн F-40 бөөрөнцөг түлхэлтийн эрэгтэй ангилалд Ц.Баттулга нар хүртсэн юм.
15. Чөлөөт бөхийн ДАШТ-ий БААТРУУД
Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын дундуур Сербийн Белград хотноо болж өндөрлөв. Уг тэмцээнд манай тамирчид дөрвөн мөнгөн медальтайгаар өндөрлүүлэв.
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд МУГТ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 50кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал нар тус тус мөнгөн медаль хүртэв.
16. Жүдо бөхийн ДАШТ-ий БААТРУУД
Жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэл Доха хотод тавдугаар сарын 7-д эхэлсэн. Нийт 98 орны 649 тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчин өрсөлдсөнөөс -66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү, -57 кг-ын жинд Л.Энхрийлэн нар ХҮРЭЛ медалийн бозол хангасан.
17. Буудлагын ДАШТ-ий БААТРУУД
Азербайжаны нийслэл Баку хотод буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарч, гар багийн төрөлд хүрэл медаль хүртлээ.
Дэлгэрүүлбэл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор эмэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Т.Баярцэцэг мөнгө, 25 метрийн том гар бууны төрөлд Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртэв.
Тэд өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа давтсан нь энэ. Мөн Монголын эмэгтэй гар буучид сонгомол гар бууны багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Ц.Анударь нар багтжээ. Энэ дасгалд Энэтхэгийн буучид түрүүлж, БНХАУ-ын баг мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд 101 орны 1249 тамирчин гар буу, урт буу, таваг буудлага, хөдөлгөөнт бай гэсэн төрөлд өрсөлдсөн бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Б.Сугар, Д.Лхадорж нарын удирдлага дор 15 тамирчин цэц мэргэнээ сорьсон юм.
18. "Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль зүүв
"Moon Dance" хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр тус хамтлагийн гишүүд ДАШТ-ээс хоёр жил дараалан медаль авч байна.
Латин бүжгийн ДАШТ Хонконг хотноо энэ сарын 18-нд болсон юм. Бүжигчид "CHESS: It's a game of minds-The next move" сэдэвт үзүүлбэр толилуулжээ.
"Moon Dance" бүжгийн клуб үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тэд энэ хугацаанд есөн удаа ДАШТ-д оролцсон байна.
19. Жүдо бөхийн Их дуулга тэмцээн Монголд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар Их дуулга-2023” жүдо бөхийн цуврал тэмцээн өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр болов.
"Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү алт, Б.Баттогтох хүрэл, -73 зг-ын жинд Б.Эрдэнэбаяр хүрэл, -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн алт, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хүрэл, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Д.Номинзул хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр манай улс тус Их дуулгад багаар гуравдугаар байрт шалгарсан билээ.
20. Жюү жицүгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулав
20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо долдугаар сард болж өндөрлөв. Тус тэмцээнд манай тамирчид амжилтта оролцож, медалийнхаа тоогоор тэргүүлсэн юм.
21. Пауэрлифтингийн ДАШТ монголд болов
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч араюдугаар сарын эхээр болов. Тус тэмцээнд 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрөлд өрсөлдлөө. Уг тэмцээнд 40-49, 50-59, 60-69 нас болон 70-аас дээш гэсэн насанд эрэгтэйчүүд 59-өөс +120 кг хүртэл найман жинд, эмэгтэйчүүд 42-оос +83 кг хүртэл найман жинд хүч чадлаа сорьж, тэмцээнийг олон улсын зэрэгтэй 43 шүүгч дэнсэлсэн юм.
22. Манай улс 14 тэрбум төгрөгийн орлого олов
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор спортын салбараас олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оруулсан мэдээ байна. 2023 онд пауэрлифтинг, жюү жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
Пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа болж буй юм. Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн их дуулга зэрэг нийт долоон тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Тэмцээн зохион байгуулах хугацаанд гадаадын 184, дотоодын 882 сайн дурын ажилтан ажилласан байна. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум төгрөг орсон бол зочид буудал, ресторанд 5.7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг нийт 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.
23. Олимпын эрх авсан АНХНЫ Монгол дугуйчин ба бусад олимпын эрхийн ЭЗЭД
Ирэх 2024 оны Парисын зуны олимпод Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц оролцохоор эрхээ авсан. Олон улсын дугуйн холбооноос Парисын зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулжээ. Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпийн засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов. С.Жамбалжамц нь Азийн наадмын хүрэл медалиас гадна Азийн аваргын элит ангиллын мөнгө, хүрэл медальтай мэргэжлийн дугуйн спортын Монголын шилдэг тамирчдын нэг билээ.
Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчдыг танилцуулж байна.
1. О.Есүгэн Буудлага
2. Б.Отгонболд Байт харваа
3. О.Есүгэн Бокс 50 кг
4. Д.Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг
5. Э.Дэлгэрмаа Чөлөөт бөх 68 кг
6. С.Жамбалжамц Дугуй
7. Д.Сэлэнгээ Пара байт харваа
8. Б.Оюун-Эрдэнэ Пара байт харваа
24. Т.Хангал Тайландын лигийн аварга болов
Волейболын тамирчин Тамираагийн Хангал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Тайландын дээд лигт легионер тамирчнаар уригдан тоглох болсон билээ. Түүний тоглож буй Nakhonratchasima VC клуб Тайландын дээд лигт түрүүлж, тэрбээр тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор тодорсон нь энэ оны хоёрдугаар сард болсон үйл явдал билээ.
Л.Сайнаа