Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын арслан Сосорын Шагдарын нэрэмжит, Завхан аймгийн Баянхайрхан сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан, Монгол улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан барилдаан тус тус болов.
Уг барилдаануудад ойрын үед сураг алдраад байсан Улсын заан Д.Анар зодоглож, үзэгч олныг баярлуулав. Эхний өдрийн барилдаанд дөрвийн давааны нугалаагаар эд гялалзаж яваа Цэргийн заан Ө.Батсуурьтай таарч унасан бол удаах өдөр мөн л нугалаагаар таарч хариугаа авлаа. Ингэснээр үзүүр түрүү хүртэл барилдаж, Улсын үнэн зоригт харцага Н.Золбоод өвдөг шороодлоо.
Аварга арслангууд зодоглохоо байсан бөхийн өргөөний дэвжээнд залуу зааны орон зай үгүйлэгдэж байсныг үзэгч түмэн хагас, бүтэн сайны барилдаанд мэдэрсэн байх аа.
Алтан цомын төлөөх барилдааны нэгдүгээр шатанд Сүхбаатар аймгийн эсрэг тэр дөрвөн даваа авсан. Түүнээс өмнө Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит, намрын нээлтийн барилдаанд тэр гурав давж харагдсан.
Өнгөрсөн жилийн баяр наадмын зааны даваанд дотны найз Б.Серикт элэг бүсээ тайлж, даваа өгсүүлсэн нь ямар жудагтай, нөхөрлөлдөө үнэнч эр гэдгийг нь таниулсан. Түүнээс хойш өнөө жилийн Улсын баяр наадмаар дөрөв давж, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоор их шөвөгт үлдсэн юм. Ер нь тэр хаана ч түрүүлж мэдэх, хэзээ ч цойлж чадах хүчтэн шүү гэдгээ хаана ч харуулсаар ирсэн. Бэлтгэл нь жигдэрч, бэртлээс хол байвал тэр цаг удахгүй ирнэ дээ...
Л.Сайнаа