Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын талаар орох заалтад тэдний саналыг тусгахаар болжээ.
Арга хэмжээнд 22 спорт холбоодын 46 тамирчин, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл оролцож, 13 холбогдох саналаа хүргүүлэв. Дараа нь Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, спорт холбоодын орон тооны бус зөвлөлийн дүрэм болон бүрэлдэхүүнийг баталсан байна.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 тамирчин байдаг бөгөөд үүнээс тэмцээн уралдаанд тогтмол орж буй нь 60 орчим юм. Энэ тоог өсгөх хэрэгтэй. Үүний тулд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг цэгцлэхэд хуулинд оруулах заалт чухал болохыг оролцогчид хэлж санал дэвшүүллээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс энэ жил хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хүрээнд Монголын хүүхдийн спортын наадам, “Ханжөү-2022” Азийн зуны спортын пара наадам, Тусгай олимпын “Берлин-2023” зуны дэлхийн наадам, “Бишкек-2023” дифлипын наадам (чөлөөт бөх), пара таеквондо, пара жюү жицү бөхийн ДАШТ-д 291 тамирчин, 47 дасгалжуулагчаа хамруулж, 207 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.