УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн төслийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 01 дүгээр захирамжийг үндэслэн энэ оны наймдугаар сарын 28-нд гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэжээ. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх, улмаар сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Туваан, Д.Ганбат, Т.Энхтүвшин, Ц.Идэрбат нар асуулт асууж, хариулт авав. Энэхүү зээлийн дүнг төгрөгт шилжүүлвэл 380 тэрбум гаруй төгрөг гэдгийг Н.Алтанхуяг гишүүн хэлээд саяхан баталсан улсын ирэх оны төсөвтөө тусгах боломж байсан гэв. Энэ хэмжээний дүнтэй зээл авч, зам засах нь оновчтой эсэхийг лавлаж, авто замын бүтээн байгуулалттай холбоотой бодлогын баримт бичгүүдийг дурдаж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ жилийн улсын төсвийн төслийг боловсруулахдаа Ерөнхий сайд 21 аймагт ажиллаж, иргэдийн санал, мөн УИХ-ын гишүүдийн саналыг түлхүү тусгасан онцлогтой гэдэг хариултыг С.Бямбацогт сайд хэлэв. Авто замын арчлалт, засварын зардлыг төсөвт тусгаж чадаагүй гээд “Жилд 50 тэрбум орчим төгрөгийг авто замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр ердөө нөхөөс л хийдэг. Гэтэл замуудад 5-10 жил тутам ээлжит засвар, үүнээс дээших хугацаанд их засвар хийх шаардлагатай байдаг. Ийм ажилд огт төсөв тавьж байгаагүй. 2023 онд 35 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км замыг зассан. Одоо бол сүүлийн 30 жилийн хугацаанд бүтээж, ашиглаж ирсэн авто замуудаа засах шаардлагатай болсон учраас 2020 оноос асуудлыг тавьсаар тодорхой хэсгийг ийнхүү шийдэж байна” гэдэг тайлбарыг өгсөн.
Монгол Улсын авто замын үндсэн сүлжээнд засвар хийхэд 1 их наяд төгрөг шаардлагатай гэх мэдээллийг тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Ирэх оны улсын төсөвт энэ чиглэлээр төсөв хуваарилаагүй учраас 2024 онд ердөө энэ зээлийн хэлэлцээрийн дүнгээр буюу 360-370 тэрбум орчим төгрөгийг замын арчлалт, засварт зарцуулна гэлээ. Энэ хүрээнд 236 км авто замын их засвар хийгдэх бөгөөд өртөг нь 69 сая ам.доллар аж. Авто замын ээлжит засварт 13 сая ам.доллар, 1200 м гүүрийн засварт 9 сая ам.доллар, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд тавих 51 км замын бүтээн байгуулалтад 11 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байгаа гэлээ. Засгийн газраас Завхан-Говь-Алтай аймгийг дамнуулсан, мөн Булган-Өвөрхангай-Өмнөговь аймгийг дамнуулсан, Дорнод-Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байгааг мөн хариултынхаа үеэр С.Бямбацогт сайд мэдээллээ. Түүнчлэн Дорнодоос Баян-Өлгий хүртэл, Хэнтийгээс Ховд хүртэл нийслэлээр дайрахгүй хэвтээ чиглэлийн замуудыг бүтээн байгуулахаар, цаашлаад аймгуудыг авто замаар холбох ажлуудыг төлөвлөж байгаа гэв.
Зээл ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулахдаа “Зээлийн хөрөнгөөр засвар, арчилгаа хийх авто замууд нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ашиглалтад оруулснаас хойших 20-30 жилийн хугацаанд арчилгаа, засвар хийгээгүй. Иргэдийн хамгийн их зорчдог энэ чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэй, эрсдэлтэй хэсгийг тогтоож, ээлжит болон их засвар хийхээр төлөвлөсөн байгаа” гэв. Авто замын арчлалт, бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч сонгосон чиглэл нь оновчтой эсэх талаар, Монгол Улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт болж чадах эсэх, ТЭЗҮ бүрэн эсэхийг нягталсан эсэхийг гишүүд тодруулж байлаа. Засгийн газраас авто замын арчлалт, бүтээн байгуулалтын эрэмбийг хийж, нэн тэргүүн Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусгахаар ажиллаж байгааг С.Бямбацогт сайд хэлсэн.
Улмаар Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжин ОХУ-ын хил хүртэлх чиглэлийн авто замын арчлалт, бүтээн байгуулалтын ажилд концесс зарлаад байгаа гэлээ. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх авто замын ажлын концессын сонгон шалгаруулалтыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр зарласан байгаа гэв. Улаанбаатар хотыг тойруулаад Богд уулын урдуур Хөшигтийн хөндийгөөр дайруулаад нэг авто зам, мөн Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Улаанбаатар хотод тууш авто зам барихаар төлөвлөн мөн л концесс зарласан байгаа гэх мэдээллийг өгсөн. Авто замын эвдрэлийн нэг шалтгаан нь стандартаас давсан даацтай тээврийн хэрэгслүүдээр тээвэр хийж байгаагаас үүддэг. Стандарт мөрдсөн тохиолдолд авто замын эвдрэл үүсэхгүй. Тиймээс цаашид стандартаа өөрчлөх үү, эсвэл тусгай зориулалтын зам тавих уу гэдэг бодлого гаргах шаардлага бий гэв.
Олон улсын хучилтын тэгш байдлын индексийг шинээр баригдсан болон одоо ашиглагдаж байгаа авто замууд дээр хэмжиж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Энэхүү хэмжилтийг тусгай тоноглол бүхий хоёр машинаар хийдэг байна. Хэмжилтээр 2 байх ёстой үзүүлэлт нь зээлийн хөрөнгөөр засварлах, арчлалт хийхээр төлөвлөөд буй авто замуудынх 6-гаас дээш буюу тэгш байдал алдагдсан, маш их хэмжээний эвдрэлтэй байгаа. Тодруулбал, 2021, 2022 онд хийсэн хучилтын тэгш байдлын индексийн судалгааг үндэслэн төсөл дэх авто замын чиглэлүүдийг тодорхойлсон болохыг ажлын хэсэг тайлбарласан. Авто зам ашигласны төлбөр хураамжийн талаарх асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн юм. Зам тээврийн хөгжлийн сайд хэлэхдээ “Манай одоогийн зам ашигласны төлбөр 1000 төгрөг байгаа нь маш бага. Өнөөдрийн байдлаар 1000 км замаар зорчихдоо 300 орчим мянган төгрөгийн түлш, шатахуун хэрэглэдэг бол авто замын төлбөрт 3000 төгрөг төлдөг. Олон улсын жишгээр түлш, шатахууны зардалтай нь тэнцэх хэмжээтэй байдаг юм билээ. Ингэж байж авто замаа байнга арчилж, засварлах төсөв, санхүүгээ бүрдүүлдэг юм билээ. Манай тухайд энэ ажлууд нэлээд хоцрогдсон байна. Цаашдаа бид иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, гэхдээ авто замын арчлалт, засварыг тогтмол хийхүйц төсөв, санхүүжилтийг бүрдүүлэх талаар бодлого, шийдвэр гаргах шаардлага бий” гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш явуулна хэмээлээ.