Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны“D” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Өвөрхангай-Сэлэнгэ аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авснаар тэмцээн түр завсарлаж, хэсгийн шатны сүүлийн барилдаанууд ирэх хоёрдугаар сард үргэлжилнэ. Би та бүхэнд хэсгийн шатны хоёр тойргийн дараах байдлаар онцлох ХАМГИЙН ХАМГИЙН бөхчүүдийг танилцуулж байна.
Нэг ч унаагүй бөхчүүд
Хоёр тойргийн дараах байдлаар Улсын аварга О.Хангай, Улсын начин Б.Лхагвадорж, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар нар 10 барилдаж, нэг ч унаагүй байна.
Хамгийн олон даваа авсан аймаг
С хэсэгт багтсан Ховд аймгийн баг Дорноговь аймгийн багийг 22:3 харьцаатай ялсан нь энэ шатны хамгийн олон давааны зөрүүтэй ялалт байв. Үүний араас Говьсүмбэр аймгийн баг Хөвсгөл аймгийн багийг 20:5-аар, Өвөрхангай аймгийн баг Хөвсгөлийн багийг 19:6-аар илүүрхсэн нь мөн олон давааны зөрүү байв.
Хамгийн уран барилдаан
А хэсэгт Увс-Орхон аймгууд учраа таарахад Орхон аймгийн багаас Улсын начин Ө.Батзул учраа бөх Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнийн бие хүрэлгүй унагасан нь чөлөөт бөхөөр сууриа тавьсан хүчтэний хувьд давуу тал байв. Уг барилдаанд залуу начин газарт хий дохиж, арсланг тохиолдуулсан юм. Үүнээс гадна Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд учраа таарахад Улсын начин Б.Лхагвадоржийн Улсын начин Б.Даваа-Очирыг зүүн талдаа огцом хөмөрсөн барилдаан олныг шуугиулав.
Мөн Булган-Архангай аймгийн багийн барилдаанд Улсын начин Д.Амарсайханы Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг дунгуйлдсан барилдаан, Архангай-Баян-Өлгийн учраанд Цэргийн заан Б.Батсуурийн Аймгийн арслан Б.Төмөрбаатараар давсан барилдааныг тус тус онцолж байна.
Хамгийн эн тэнцүү өрсөлдөөн
Тэмцээний В хэсэгт багтсан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн багууд эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж, 13:12-оор Баян-Өлгийн баг ялсан. Чухал давааг Улсын заан Б.Серик авсан юм. Тэмцээний С хэсэгт багтсан Баянхонгор, Дорноговь аймгийн багууд мөн 13:12-оор Дорноговийн бөхчүүдийн ялалтаар өндөрлөв. Улсын начин Д.Цэрэнтогтох, Э.Батмагнай нарын эзгүйд баг нь тааруу барилдлаа.
Хамгийн хүлээлт үүсгэсэн барилдаан
Тэмцээний хэсгийн шат эхлэхэд л хамгийн их хүлээлтийг үүсгэсэн барилдаан бол өнгөрсөн оны финалын барилдааны эзэд болох Архангай-Булган аймгуудын учраа юм. Уг барилдаан хэсгийн шатны хамгийн эхний барилдаануудын нэг байв.
Улсын арслан М.Бадарч, Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Э.Мөнхжаргал нарын эзгүйд ч тэд өнгөрсөн оны ялалтаа бататгаж чадлаа. Булган аймгийн багаас Улсын начин Б.Түмэндэмбэрэл бэртэлтэй учир өнжив. Хоёр багийн барилдаан 15:10-аар Архангайн талд шийдэгдэв. Хоёр багийн аль хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан нь дараагийн шатанд Ховд аймгийн хүчирхэг багтай таарах учиртай. Одоогийн таамгаар Булган аймгийн баг энэ хүнд ачааг үүрэх бололтой.
Хэсгийн манлайлагчид:
1. А хэсэгт Увс
2. В хэсэгт Архангай
3. C хэсэгт Ховд
4. D хэсэгт Говьсүмбэр,Өвөрхангай аймгийн багууд тус бүр хоёр ялалттайгаар 6 оноо аван хэсгээ тэргүүлж байна. 2024 оны хоёрдугаар сард болох гуравдугаар тойргийн барилдааны дараа хэсэг бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шалгарах юм.
Л.Сайнаа