Өнгөрөгч өдрүүдэд "Увс нуур" гал үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аваргуудын нэрэмжит барилдаан тойргийн журмаар болж өндөрлөлөө. Уг барилдаанд Улсын начин Ж.Ням-Эрдэнэ түрүүлж, Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар байр, Улсын начин О.Түмэн гуравдугаар байр, Улсын даян аварга Н.Батсуурь дөтгөөр байр, Улсын начин Д.Тогтохжаргал тавдугаар байр тус тус эзэллээ. Тэгвэл бид та бүхэнд нэг уналгүй түрүүлсэн Улсын начин Ж.Ням-Эрдэнийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 03-нд Увс аймгийн Тэс суманд мэндэлжээ. "Увс Нуур" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 ангийн нэр дээрээс барилддаг.
Ж.Ням-Эрдэнэ өнөө жилийн Алтан цомын төлөөх барилдаанд нутгаа төлөөлөн барилдаж буй. Тэмцээний А хэсэгт Увс аймаг Өмнөговь аймгийн багтай хэсгийн эхний барилдаанаа хийхэд дөрвөн даваа аваад байгаа. Тэгэхдээ Улсын начин Э.Нямаад л өвдөг шороодов.
Түүний биеийн өндөр 182 см, биеийн жин 120 кг ажээ. Анх 2016 онд Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Тогтохжаргалд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. Улмаар 2018 онд Увс аймгийн баяр наадамд аймгийн заан Т.Хайдаваар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн байдаг. Түүний дараа жил 2019 онд АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын заан М.Өсөхбаяраар дөрөв, улсын заан Н.Жаргалбаяраар тав давж, " Монгол улсын начин " цолыг хүртсэн юм.
Өнгөрсөн оны Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан барилдаан, энэ оны Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан, "Эко констракшн" ХХК-ийн нэрэмжит барилдаанд тэр их шөвөгт шалгарч байв.
Харин 2018 онд "Талх Чихэр" компаний хэвийн боовны баярт зориулсан барилдаанд үзүүрлэж, Д.Хадбаатар аваргын нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд их шөвөгт үлдэж байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)