"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа толгой дээр нь санаатайгаар огцом дарсан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байв. Түүний уг үйлдлийг Монгол бөхийн үндэсний холбоо авч хэлэлцээд, өнгөрөгч бямба гарагт Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Тэгэхдээ,
"МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:
А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр - 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг ТЭМДЭГЛЭН,
ТОГТООСОН НЬ:
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
-3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав" гэжээ.
Гэвч энэ асуудал дээр бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.
Улсын аварга О.Хангай - МҮБХ олон хүнийг яльгүй үйлдлээс нь болж хайртай спорт, амьдрал ахуйгаас нь холдуулж байгаа шүү
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар - Ямар допинг хэрэглэсэн биш дээ
Аварга дээд сургуулийн багш, Улсын начин Б.Адъяахүү - Мянган бөх дотор сайхан зааны орон зай үгүйлэгдэнэ шүү
Даян аварга Н.Батсуурь - Нэг жил гэдэг бол арай шүү
Л.Сайнаа
Сэтгэгдэл (46)