Өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд "Ургацын баяр - 2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүү булааж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэв.
Тус барилдааны хоёрын даваанд Улсын аварга О.Хангайг хамж цацан давж, олныг шуугиулсан хүчтэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөх Сумын заан Д.Төгс-Эрдэнэ билээ.
Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг. Ойрын хоёр жилээс үндэсний бөхөөр барилдаж байгаа юм. Өсвөрийн болон хотын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүрсэн амжилттай нэгэн.
Түүний ээжийн тал бөхийн удамтай. Тийм ч учраас үндэсний бөхөөр хүссэн цолондоо хүрэхийн төлөө хичээн барилддаг.
Тэрбээр 1995 оны есдүгээр сарын 14-нд төрсөн. "Завхан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 ангийн нэр дээрээс барилдаж буй. Биеийн өндөр 173 см, биеийн жин 80 кг. Анх 2014 онд Сумын заан цол хүртэж, улмаар 2017 онд цолоо баталсан байна.
Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн "Монгол бөхийн өргөө"-нд болсон барилдаануудад улсын том цолтонгуудыг өвдөг шороодуулсан нь өнөөдөр бөх сонирхогч хэн бүхний мэддэг, дэмждэг бөх болгожээ. Хамгийн ойрын жишээ гэвэл, тэр өнгөрөгч сарын 26-нд болсон Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд Улсын гарди Ц.Бямба-Отгоныг хаяж, таавар будлиантуулсан. Тэр мөн өнгөрсөн сард Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, ямар чансаатай бөх гэдгээ харуулсан.
Сонирхуулахад, Д.Төгс-Эрдэнэ Улсын аварга О.Хангайтай хоёрын нугалаан дээр дөрвөн удаа таарч барилдан, нэгт нь ийнхүү давсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)