Английн Хөлбөмбөгийн Холбооны (FA) тэргүүн Дебби Хьюитт Луис Рубиалесийг Австралид болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр Английн шигшээ багийн тоглогчидтой мөн зүй бусаар харьцсан хэмээн буруутгажээ.
ФИФА гутамшигт нэрвэгдсэн Испанийн Хатан хааны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан түүний хөлбөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг гурван жилийн хугацаанд хориглосон үндэслэлээ өнгөрсөн 10 дугаар сард тайлагнасан.
Наймдугаар сард болсон уг тоглолтын дараах медаль гардуулах ёслол дээр Рубиалес дэлхийн аварга болсон нутагт нэгт тамирчин бүсгүй Женнифер Хермосогийн уруул дээр зүй бусаар үнссэн зэрэг үндэслэлээр албан тушаалаасаа огцорсон юм. Гэвч түүний бусармаг үйлдэл үүгээр эцэс болсонгүй.
ФИФА-гийн мэдээлснээр, Хьюитт Рубиалес "Англи тоглогч Лаура Кумбсын нүүрийг хачирхалтайгаар илбэсэн. Мөн Английн тоглогч Люси Бронзыг нүүрэн дээр нь хүчээр үнссэн" гэжээ. Түүнчлэн түүнийг өөрийн нутаг нэгт тоглогчидтойгоо тааламжгүй, бэлгийн хүчирхийллийн шинжтэй хандсан гэв. 46 настай Рубиалес уг үнсэлтийг харилцан тохиролцсон гэж мэдэгдсэн ч Женнифер Хермосо түүнийг эсэргүүцсэн юм.
Мөн Рубиалес хийсэн үйлдлийнхээ төлөө ямар ч уучлалт гуйгаагүйгээр барахгүй, өөрийгөө өмөөрсөөр байгаа нь олны зэвүүцлийг өдөөгөөд байна.
Л.Сайнаа