Саяхан хэдэн арван мянган цагаан зээр Хятад, Монголын хилээр нэвтэрч, Монголоос ӨМӨЗО-ны Аэршан хотод нүүдэллэн ирсэн тухай ChinaNews мэдээллээ.
Тэнд дурдсанаар, "өргөн уудам ойт хээрийн намгархаг газарт хэсэг бүлэг монгол цагаан зээр бэлчээрлэн тайвнаар хооллож, үе үе тоглон наадах нь Аэршаны өвөлд эрч хүч нэмж байна. "Монгол цагаан зээр" хэмээх шинжлэх ухааны нэршилтэй шар хонь нь улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтан бөгөөд "Олон улсын байгаль хамгаалах холбооны нэн ховор амьтдын улаан жагсаалт"-д багтсан. Жил бүрийн өвөл Монголын зэрлэг шар хонь олноороо Аэршанд өвс тэжээл даган ирдэг" гэжээ.
Гэвч уг цагаан зээрүүдийг БНХАУ-ын тал нутаг буцаадаггүй гэх яриа бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд Дорнод аймагт гарсан гал түймрээс дайжсан олон тооны зээрийн сүрэг БНХАУ-ын хилийг давсан тухай Өвөрмонголын хэвлэлээр ярьж байв. Тэгвэл эдгээр хөөрхийлөлтэй цагаан зээрийн сүрэг аль улсынх нь өмч болох вэ?
Тэдний хил давж, нутгаа орхих цорын ганц шалтгаан нь өвс тэжээлийн хомсдол, бэлчээрийн зүй бус байдал юм. Хэдий болтол Улаан номд бичигдсэн Дархан цаазат амьтдаа хил давахыг харсаар суух билээ. Үүнд гагцхүү бодлого л үгүйлэгдэнэ.
Монгол Улсын хуулийн Амьтны тухай хуулиар нэн ховор, дархан цаазат амьтдын хувь заяаг шийддэг. Тэгвэл тус хуульд хэрэв тухайн амьтан нүүдэллэн хил давсан тохиолдолд яах эсэхийг заасан заалт байхгүй. Хамгийн ойлгомжтой хэсэг нь тухайн хуулийн 6.1.3-т "амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах" гэсэн л заалт буй ажээ.
Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэлцдэг. Гэвч баялаг болсон ан амьтнаа зүгээр л хил давж байгааг харсаар сууна гэдэг хэцүү...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)