Өнгөрөгч Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл дээрх бөхчүүд МҮБХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан байжээ. Тус гомдлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон аж.
Тэд 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 69 дугаар тогтоолын холбогдох хэсэгт Допингийн эсрэг үндэсний дүрэм, Үр дүнгийн удирдлагын Олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоолгож, уг шийдвэрийг хүчингүй болгох, барилдах эрхийг сэргээхийг "Монголын Үндэсний бөхийн холбоо"-нд даалгах өргөдлийг гаргасан байна.
Харьяа байгууллага уг маргааныг хэлэлцээд "Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 69 дугаартай тогтоолын Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэсэг нь Допингийн эсрэг үндэсний дүрэм болон Үр дүнгийн удирдлагын Олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоожээ. Тиймээс барилдах эрхийг сэргээхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор Олон улсын спортын арбитрын шүүх (The Court of Arbitration of Sport (CAS)-д гомдол гаргах эрхтэй аж. Хэрэв гомдол гаргаагүй тохиолдолд Давж заалдах комиссоос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)