Өчигдөр болсон Алтан цомын D хэсгийн эхний барилдаанд Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд хоорондоо оноолт таарч, 19:6 харьцаатайгаар Өвөрхангай аймгийн багийн ялалтаар өндөрлөлөө. Тус барилдаанд ганцаараа ТАВ давсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Б.Лхагвадоржийг онцолж байна.
Тэрбээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн билээ.
Тэр 1998 оны гуравдугаар сарын 05-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрж өсжээ. Түүний биеийн өндөр 185 см, биеийн жин 125 кг юм. Б.Лхагвадорж үндэсний бөхөөс гадна самбо, жүдо, жиү жицүгээр хичээллэдэг.
Анх 2015 онд 17 насандаа Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Бундхоролоор найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байсан нь түүхэн амжилтуудын нэг. Тэрбээр таван жилийн ар дээр аймгийн арслан цолоо дахин баталж “Хурц” чимэг хүртсэн.
Дархан аварга Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг 2019 онд хүртэж байв. Б.Лхагвадорж нь “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Макс” групп, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяат бөх юм.
Багаасаа бөхийн спортод хорхойссон Б.Лхагвадорж 2012 онд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь болж, өдгөө амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2011 оны намар Өвөрхангай аймагт болсон юм. Ц.Шийрэв багш эл тэмцээнд шавь нараа дасгалжуулан оролцох үеэр Б.Лхагвадоржийн ах түүнтэй уулзан, дүүгээ шавь оруулжээ. Улмаар дараа жилийнх нь Цагаан сарын дараа Б.Лхагвадорж хотод ирснээр тэд багш, шавь болсон гэдэг.
Тэрбээр НАЧИН цол хүртэхдээ дараах бөхчүүдийн давжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Л.Жамсран /Увс аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн заан Ч.Энхзаяа /Хөвсгөл аймаг/
- Гурвын даваанд Улсын начин Л.Шинэбаатар /Архангай аймаг
- Дөрвийн даваанд Улсын начин Б.Даваа-Очир /Хөвсгөл аймаг/
- Тавын даваанд Улсын начин Э.Ванданцэрэн /Архангай аймаг/
Залуу начин аймаг, цэрэгт нэг ч түрүүлж үзээгүй. Харин нэг удаа үзүүр булаасан нь 2022 оны хоёрдугаар сард болсон Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит барилдаан юм.
Тэрбээр мөн 14 насандаа Дундговь аймгийн Дэрэн сумын баяр наадамд түрүүлж, Сумын заан цолтон болсон нь Монгол үндэсний бөхийн түүхэн амжилтуудын нэг. Түүнчлэн Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд 2012-2014 онуудад түрүүлж бас нэг түүх бичжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)