Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Тав дахь өдрийн “D” хэсгийн хоёр дахь барилдаан Хөвсгөл-Өвөрхангай аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 19:6-аар илт давуу эхний ялалтаа авлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/, улсын харцага Х.Гантулга /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4/ нийт 19 даваа авсан бол Хөвсгөл аймгийн багт улсын начин Б.Даваа-Очир /1/, улсын начин Ц.Сандагдорж /1/, аймгийн арслан Э.Баасанжав /1/, аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/, аймгийн арслан М.Цэрэн /2/ нийт 6 даваа авав. Хөвсгөл аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр нар ажиллав. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм. Маргааш орой 19.45 цагаас Завхан-Өмнөговь аймгийн багууд барилдана.