Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагаас нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр мөн энэ оны 6,7,9,10 дугаар саруудад эрүүгийн хуульд заасан гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар түүнд холбогдох ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.
Дээрх дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн цагдаагийн байгууллагаас өөрийн санаачлагаар шалгаагүй, иргэд хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан учраас шалгаж байна.
Түүнд холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-р зүйлд заасны дагуу дуудан ирүүлэхээр өөрийнх нь ашигладаг дугаар бүхий утас руу удаа дараа холбогдон дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно. Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулсан боловч хүрэлцэн ирээгүй.
Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэх шалтгаан хэлэлгүйгээр очиж чадахгүй, тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-р зүйлд заасан үндэслэл буюу "Шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах" үндэслэл болсон.
Цагдаагийн байгууллагаас сэтгүүл зүйн салбар болон сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Иргэн Н.Өнөрцэцэг гэх хувь хүнийг шалгаж байгааг үүгээр мэдэгдье. Цагдаагийн байгууллагад сэтгүүлч нартай холбоотой гомдол мэдээлэл ирдэг. Тухайн сэтгүүлч нар хууль, шүүхийн байгууллагаас дуудсан цагт ирж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлээд явдаг. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Ийм ч зарчимтай. Н.Өнөрцэцэгийг мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахад ирэхгүй байх давуу эрх түүнд байхгүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)