Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга Т.Батболдтой цөөн хором ярилцлаа.
-"Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээний онцлог, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-оос жил бүр "Зохицуулалт" хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ бол харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ эрхлэгчид болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил харилцаа холбооны яам гэсэн гурван тал оролцож, тухай жилийнхээ авч хэрэгжүүлсэн болон ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээнийхээ чиглэлийг тодорхойлдог ач холбогдолтой хурал.
"Зохицуулалт-2023" хэлэлцүүлгийн тухайд "Дижитал зохицуулалт" сэдвийн дор явагдаж байна. Эл сэдвийн хүрээнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Харилцаа холбооны салбарын манлайлал, ХХЗХ-аас авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээнүүд, үүнтэй холбогдуулан интернет сүлжээ, мэдээллийн сүлжээний зохицуулалтыг хийх талаар бид ярилцаж байна.
-Манай улс 2023 онд цахим руу эрчимтэй шилжлээ шүү дээ. Дижитал шилжилтийн чиг хандлагын тухайд?
-Цахим үйлчилгээ, дижитал шилжилт, И-Монголиа, төрийн үйлчилгээ гэхчлэн маш амжилттай цахимд шилжсэн жил байлаа. Өсөн нэмэгдэж байгаа дижитал шилжилтийн хэрэглээ, тухайлбал хүмүүсийн хэрэглээг хангахуйц интернетийн сүлжээг зохион байгуулах шаардлагатай тулгарч байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо дижитал үйлчилгээнүүдийг саадгүй, интернетийн ямар нэгэн гацалтгүйгээр явуулахад Монгол Улсын харилцаа холбооны сүлжээг оновчтой, зөв, үр ашигтайгаар зохион байгуулахыг гол зохицуулалтаараа хэрэгжүүлж ирсэн.
Бид ирэх жил дата төвүүдийн хөгжил, интернетийн харилцаа холболтын төвүүд болон контент түгээх сүлжээнүүдийг хэрхэн оновчтойгоор зохион байгуулах вэ, ямар зохицуулалтын арга хэрэгсэл ашиглах вэ гэдгээ энэ удаагийн хурлаар хэлэлцэж байна.
Тиймд өсөн нэмэгдэж буй дижитал хэрэглээг хангахуйц оновчтой сүлжээг зохион байгуулах нь хамгийн гол зүйл болоод байна.
-Дижитал шилжилтийн эдийн засгийн үр нөлөөний тухай цухас дурдлаа. Энэ талаар тодруулж ярьвал?
-Дижитал шилжилт бол эдийн засагт тун өгөөжтэй. Үүнийг ЦХХХЯ-аас удирдаад явж байгаа. Тодорхой хэмжээнд улс орны эрх ашигт нийцсэн буюу авлигыг бууруулах, ил тод байх, хүмүүсийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэх зэрэг эдийн засгийн хувьд нөлөөлөл их. Харин бидний хувьд юу ярих вэ гэвэл интернетийн маш их хэрэглээг Монгол Улсдаа эргэлдүүлэх, гадагшаа урсгалыг бага гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл бид гадны интернет урсгалаас аваад л байх юм бол гадагшаа доллар төлнө гэсэн үг. Аль болох дотроо интернетийн урсгалыг эргэлдүүлж чадвал Монгол Улсад тухайн мөнгө үлдэх юм.
Тодруулбал, хэрэглэгчийн төлсөн төлбөрийг Монгол Улсдаа үлдээх зөв зохицуулалтыг хэрэгжүүлэх явдал юм шүү дээ.
-Тэгвэл чухам ямар зохицуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
-Үндсэн гурван зохицуулалт руу төвлөрч байна. Энэ тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Ирэх жил хэрэгжүүлж эхэлнэ. Нэгдүгээрт, интернетийн харилцаа холболтын төвүүдийг хэрхэн зөв зохион байгуулах вэ гэх асуудал. Тусгай зөвшөөрөл эсвэл бүртгэлийн гэрчилгээ олгосон тохиолдолд оновчтойгоор яаж зохион байгуулах вэ гэдэгт анхаарч байна.
Мөн дата төвүүдийн хөгжлийг хурдасгахад хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарах зайлшгүй шаардлагатай болсон байна.
Гуравдугаарт, Монгол Улс өөрийн гэсэн контентын сүлжээтэй болох эсвэл гадаад улс орны томоохон контентын сүлжээг оруулж ирэхэд оновчтой зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Энэ гурван чиглэлд илүү анхаарч ажиллана.
М.Дэвээжаргал