Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ.
Сугалаагаар D хэсэгт Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүнээс хамгийн хамгийн бөхчүүдийг танилцуулж байна.
Өвөрхангай аймгийн бүрэлдэхүүнд Улсын гарди Ц.Бямба-Отгон, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Б.Лхагвадорж, Аймгийн хурц арслан О.Наранбаатар, Аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Цэргийн арслан Б.Өлзийсайхан нар багтжээ.
Тус баг өнгөрсөн тэмцээнд сайн барилдааныг үзүүлж, Архангай, Булган аймгуудаас бусад бүх багуудыг илүүрхэн гуравдугаар байр эзэлсэн.
Багийн хамгийн ахмад нь 1988 онд төрсөн Аймгийн арслан Т.Довчинсэмбээ, хамгийн залуу нь 1995 онд төрсөн Улсын гарди Ц.Бямба-Отгон юм. Харин багийн хамгийн өндөр нь Улсын харцага Б.Цэдэнсодном ажээ. Тэрбээр 186 см өндөртэй. Харин хамгийн намхан нь Цэргийн заан Б.Өлзийсайхан. Тэрбээр 175 см өндөртэй. Хамгийн хүнд жинтэй нь Улсын харцага Х.Гантулга.
Хөвсгөл аймгийн бүрэлдэхүүнд Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Даваа-Очир, Улсын начин Ц.Сандагдорж, Аймгийн арслан Э.Баасанжав, Аймгийн арслан П.Хүрэлбаатар, Аймгийн арслан М.Цэрэн нар багтжээ.
Тус баг өнгөрөгч тэмцээнд нэгдүгээр шатанд Булган аймгийн багт 16:9 харьцаатай ялагдаснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ удаад тэд Говь-Алтай аймгийн багийг 21:4-өөр илт илүүрхэж, хэсгийн шатанд шалгарчээ.
Багийн хамгийн ахмад нь Улсын арслан Ц.Содномдорж, хамгийн залуу нь Аймгийн арслан П.Хүрэлбаатар юм. Багийн хамгийн өндөр нь 191 см өндөртэй Аймгийн арслан М.Цэрэн, хамгийн намхан нь 175 см өндөртэй Улсын начин Б.Даваа-очир ажээ. Багийн хамгийн хүнд жинтэй нь 150 зг жинтэй Улсын начин Ц.Сандагдорж.
Сэлэнгэ аймгийн бүрэлдэхүүнд Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын начин Н.Баярбаатар, Аймгийн хурц арслан Д.Төрболд, Аймгийн арслан Б.Ганбаяр, Аймгийн арслан С.Оргилбаатар, Цэргийн заан Х.Наранбаяр, Аймгийн заан Э.Алтанбаяр нар багтжээ.
Тус баг өнгөрсөн жил нэгдүгээр шатанд Баянхонгор аймгийн багт 13:12 харьцаатай ялагдсан. Харин энэ жил нэгдүгээр шатанд Тува улсын багийг 16:9-өөр илүүрхэн хэсгийн шатанд шалгарчээ.
Багийн хамгийн ахмад нь 1990 онд төрсөн Улсын начин Н.Баярбаатар, хамгийн залуу нь 1996 онд төрсөн Цэргийн заан Х.Наранбаяр ажээ. Багийн хамгийн өндөр нь 191 см өндөртэй Улсын заан Н.Жаргалбаяр, хамгийн намхан нь 179 см өндөртэй Аймгийн заан Э.Алтанбаяр юм. Харин багийн хамгийн жинтэй нь 160 кг жинтэй Улсын начин Н.Баярбаатар билээ.
Говьсүмбэр аймгийн бүрэлдэхүүнд Аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Аймгийн арслан Б.Гончигтавхай, Аймгийн арслан Б.Үүрцайх, Аймгийн арслан Г.Дармаажанцан, Аймгийн арслан Н.Намнансүрэн, Аймгийн арслан М.Эрхэмбаяр нар багтжээ.
Тэд энэ жил Хэнтий аймгийн багийг 15:10-аар илүүрхэн хэсгийн шатанд шалгарав.
Багийн хамгийн ахмад нь 1992 онд төрсөн Аймгийн арслан Б.Гончигтавхай, хамгийн залуу нь 2000 онд төрсөн Аймгийн арслан Г.Дармаажанцан юм. Харин хамгийн өндөр нь мөн л Г.Дармаажанцан ажээ. Харин хамгийн намхан нь Б.Гончигтавхай. Хамгийн хүнд нь 150 кг жинтэй Аймгийн арслан Э.Мөнхбаатар ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)