Монгол Улс "Алсын хараа 2050" зорилтын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Үүний хүрээнд Google компани болон Монгол улстай хамтран хүүхэд, сурган хүмүүжүүлэгч бүрийг онлайн сургалтын төхөөрөмж, тухайлбал Chromebook ашиглах боломжоор бүрэн хангахаар ажиллаж байна.
Энэ талаар болон тус компанийн Монгол улсад хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар өнөөдөр танилцууллаа. Арга хэмжээнд гадаад, дотоодын олон зочид оролцож, хоорондоо санал солилцов. Манай улсаас УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ЦХХЯ-ны сайд Н.Учрал нар үг хэлэв. Нөгөө талаас "Google for Education" Ази, Номхон далай, Японы зах зээлийг хариуцсан захирал Колин Марсон, АНУ-аас Монголд суугаа элчин сайд нарын хүмүүс байлцав.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Монголчууд бид цахим үндэстэн болох зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг явуулсаар ирсэн. 2022-2030 оны хугацаанд Монгол улсын ерөнхий сайдын манлайлал дор бид Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд манай яамны зүгээс Монгол улсын цахимжилтыг илүү эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүртээх, цахим эдийн засгийн бүтцийг бий болгоход томоохон зорилт тавиад ажиллаж байгаа. Анх 2022 оны нэгдүгээр сарын 01-нд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулж, цахим хөгжлийн тухай багц хуулиудыг баталсан бол өнөөдөр уг хуулиудыг дагах шаардлагатай 60 гаруй журмын 80 орчим хувь нь батлагдсан. Үүнийг дагаад хууль маань амьдрал дээр биелэлээ олж байгааг дуулгая" гэв. Тэрбээр мөн тус компанийн цаашид Монгол хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулав.
1. Монголын андройд хөгжүүлэгч нар 2024 оны хоёрдугаар хагаст inn-purchase-аар дамжуулан төлбөр хүлээн авах боломж нээгдэнэ.
2. Google Startup School хөтөлбөрт хамрагдах Cloud for Google Startup-аас 200 мянган доллар хүртэлх үйлчилгээний кредит хүлээн авах боломжтой болсон.
3. Монгол контент бүтээгчид Youtube платформоос орлого хүлээн авах боломжийг нээх, хүүхэд хамгааллын чиглэлээр Youtube Kids нээх чиглэлээр хамтран ажиллаж байна.
4. Зургаан чиглэлээр зургаан сарын цахим, танхим, дадлагын хөтөлбөр хосолсон мэргэжлийн сертификаттай 3000 мэргэжилтэнг бэлтгэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч наймдугаар сард АНУ-д дипломат айлчлал хийсэнтэй холбогдуулан Вашингтон хотноо энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь Google болон Монголын засгийн газар орон нутгийн сургуулиудыг 20 мянган Chromebook-ээр хангах ажлаас эхэлнэ.
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх аж. “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10 мянган багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)